Өнгөрөгч 5-р сард УИХ-ын гишүүн Б.Баярбаатар олон улсад дуулиан тарьсан, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпстийний хэргийн материалд манай улсын зарим улс төрчдийн нэр дурдагдсан талаар олон нийтэд дэлгэсэн. Иймд тус хэргийн материал ил болсонтой холбогдуулсан УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Сонсголоор Эпстийний хэргийн баримтад манай талаар ямар мэдээлэл дурдагдсан, монгол охид, эмэгтэйчүүд түүний хүчирхийлэлд өртсөн эсэх болоод хэргийн материалд дурдагдаад буй ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан “Болор сан”-д шилжсэн 24 хүүхдүүдийн мэдээлэл тодорхойгүй байгаа талаар хөндсөн байна.
Жеффри Эпстийн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулсан хэргээр шалгагдаж, 2019 онд шоронд нас барсан бөгөөд түүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны баримтуудыг АНУ-ын хууль зүйн яам 2026 оны эхээр олонд ил болгосон юм. Тус материалд манай улстай холбоотой төрийн өндөр албан тушаалтнууд, дипломатчид болон эмэгтэйчүүд, хүүхдийн талаар дурдагдсан асуудлууд багтжээ. Ил болсон баримтуудад ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр 46, ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81 удаа дурдагдсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, Ц.Элбэгдорж Эпстийнтэй 2013 онд Нью-Йоркт уулзсан, дараа нь Давост уулзсан тухай цахим харилцаа, баримтууд нийтэд ил болсон байна.
Харин УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпстийний хэрэгтэй холбоотойгоор “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд Эпстийнтэй хамгийн их харилцаж байсан гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн өөрөө мэдээлэл өглөө. Ингэхдээ Эпстийнтэй 2013, 2015, 2016 онд уулзаж, цахим шуудангаар тогтмол харилцаж байсан гэдгээ тайлбарлалаа.
Харин сонсголын үеэр Эпстийнтэй холбоотой хүмүүсийн цахим харилцаанд Монгол охидын талаар дурдсан тохиолдлууд байгаа бөгөөд Монгол улсаас АНУ руу зорчих хүсэлт гаргасан зарим эмэгтэй бэлгийн дарамтад өртсөн эсэх асуудлыг нягталсан гэж шинжээчид танилцууллаа. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан “Болор сан”-тай холбоотой хүүхдүүдийн асуудлыг мөн сонсголоор сөхөв. Тодруулбал, “Өнөр бүл” төвөөс 2010 онд 22, 2012 онд хоёр хүүхэд “Болор сан”-д шилжсэн гэх баримт байгаа бөгөөд эдгээр хүүхдийн одоогийн байршил, хилээр зорчсон эсэх, боловсрол болон бүртгэлийн мэдээлэлд зөрүү байгааг тогтоожээ. Өмнө нь ЦЕГ-аас 24 хүүхэд бүгд насанд хүрсэн, гурав нь 2025 онд Энэтхэгт суралцахаар явсан, бусад нь Монгол улсын хилээр гараагүй гэж мэдээлж байсан. Харин өнөөдрийн сонсголд цагдаагийн байгууллагаас 24 хүүхдийн 15 нь тодорхой хугацаанд гадаад улс руу зорчиж байсан гэх мэдээлэл өгч байсан юм байна.
УИХ-ын хүний эрхийн дэд хороо хүүхдүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийхээр болсон байна. Харин Эпстийнтэй холбоотой манай улсын нэр дурдагдсан баримтуудын үнэн зөв байдал, түүнд дурдагдсан үйл явдлуудад төрийн албан тушаалтнууд ямар зорилгоор, ямар хүрээнд оролцож байсан эсэхийг цаашид баримтаар нягтлах шаардлагатай байна.