АНУ Сибирийн бүс нутагт тахал дэгдсэн байж болзошгүй тул иргэдээ ОХУ-ыг яаралтай орхин гарахыг уриаллаа

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Сибирийн эрхүү мужийн Шелехов дүүрэгт байрлах эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг лаборант эмэгтэй Дарья Шипилова тарваган тахлаар нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас албан ёсны анхааруулга гаргаж, ОХУ-д аялж, зорчиж, түр болон урт хугацаагаар оршин сууж буй өөрийн улсын иргэдийг тус улсыг нэн даруй орхин гарахыг анхаарууллаа.

Лаборант эмэгтэй эмнэлэгт ирэхдээ ердийн ханиад шиг шинж тэмдэгтэй байсан ч богино хугацаанд уушгины хүнд хатгалгаа болон хүндэрч, хиймэл амьсгалын аппаратад орж нас барсан нь хамгийн аюултай, хүнээс хүнд халдварлах чадвартай уушгины тахлын хэлбэр байж болзошгүй гэх айдсыг дагуулсан юм. Орон нутгийн эрх баригчид талийгаачтай ямар нэг байдлаар хавьталд орсон 200 орчим хүнийг яаралтай тусгаарлан эмнэлгийн хяналтад авч, эрхүү мужийн зарим эмнэлэг, төрөх тасгуудад хөл хорио тогтоосон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас албан ёсны эрүүл мэндийн анхааруулга гаргаж, ОХУ-ын нутаг дэвсгэрт байгаа өөрийн улсын иргэдийг яаралтай тус улсыг орхин гарахыг уриаллаа. Хэрэв тухайн бүс нутагт байгаа иргэдэд халуурах, амьсгалын замын зовуурь илэрвэл цаг алдалгүй орон нутгийн эмнэлэгт хандахыг зөвлөхийн зэрэгцээ Москвагаас гаднах бүс нутгуудад АНУ-ын засгийн газар иргэддээ тусламж үзүүлэх боломж маш хязгаарлагдмал байгааг онцолсон байна. 

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Оросын эрх баригчдыг мэдээллээ ил тод хуваалцахыг шаардаж, дипломат эсэргүүцэл илэрхийлсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын хугацаанд утсаар ярихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа ч одоогоор Оросын талаас бүрэн гүйцэд мэдээлэл аваагүй байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар болон Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар тахал өвчний дэгдэлт үүсээгүй, тусгаарлагдсан хүмүүсээс ямар нэгэн аюултай нян илрээгүй, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа тул цахим орчинд гарч буй мэдээллүүдийг худал цуу яриа хэмээн эрс үгүйсгэж байна. Өнгөрөгч лхагва гарагт Шелехов дахь эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өөр нэгэн ажилтан "Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа"-аар нас барсан тухай өрнөдийн хэвлэлээр мэдээлсний дараа Оросын талаас албан ёсны шинжилгээ, шалгалтын ажиллагаа эхэлсэн гэж мэдэгдлээ.