НДШ-ийг хэд хэдэн орлогоос давхар төлөх нь иргэдэд санхүүгийн дарамт болдог байна

Зөвхөн нэг ажлын байраар орлогоо бүрдүүлэхэд хүндрэлтэй болсон энэ цаг үед иргэд давхар хөдөлмөр эрхлэх нь түгээмэл болжээ. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг хэд хэдэн орлогоос давхар төлдөг нь иргэдэд санхүүгийн дарамт болдог гэдгийг хэлж байна. Тэгвэл холбогдох хуульд өөрчлөлт орсноор ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн үндсэн хөдөлмөрийн гэрээтэй иргэд нэмэлтээр хийж буй ажил, үйлчилгээний гэрээний орлогоосоо НДШ-ийг давхар төлөхгүй байхыг өөрөө сонгох боломж бүрдлээ.

Өрхийн орлогын хүрэлцээ муу, инфляцын өсөлт, зээлийн дарамт зэрэг шалтгааны улмаас олон хүн үндсэн орлогоороо амьдралаа хангаж чадахгүй байгаа нь давхар ажил эрхлэх нэг гол шалтгаан болж байна.

Монгол улсад хөдөлмөрийн насны буюу 15-64 насны 2.2-2.6 сая гаруй иргэн байдаг бөгөөд энэ нь нийт хүн амын 64 орчим хувийг эзэлж байна.
Хөдөлмөрийн насны нийт хүн амын 1.2 сая гаруй нь албан болон албан бус салбарт идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.
2023 оны байдлаар монгол улсад нийт ажил эрхэлж буй иргэдийн 12.4 хувь нь давхар ажил эрхэлдэг бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болжээ.

Гэвч давхар ажил эрхэлж буй иргэдийн хувьд ажил тус бүрээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь санхүүгийн хүндрэл үүсгэдэг байна. Ялангуяа залуучуудын зүгээс хоёр, гурван газраас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч төрөөс хүртэж буй үйлчилгээ, үр өгөөж нь төдийлөн нэмэгддэггүй учраас давхар ажилласан орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон түүнтэй адилтгах гэрээгээр давхар ажилласан тохиолдолд нэмэлт гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалт орсон байна.

Жишээ нь, иргэн Б компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, сарын 2.5 сая төгрөгийн цалин авдаг байлаа. Үүний зэрэгцээ өөр байгууллагад үйлчилгээ үзүүлж, нэг сая төгрөгийн нэмэлт орлого олдог гэж үзвэл шинэ зохицуулалт хэрэгжсэнээр Б үндсэн ажлынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд, нэмэлт үйлчилгээний гэрээнээсээ дахин шимтгэл төлөхгүй байх сонголттой болох юм.