Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай асрамжийн газар байдаггүйгээс гэр бүлээсээ ганцаар үлдсэн, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг ердийн асрамжийн байгууллагуудад хүргэдэг байна. Гэвч тэнд өсөж, насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цаашдын амьдрал, асран хамгаалалт тодорхойгүй хэвээр байдаг нь нийгмийн хамгааллын салбарын тулгамдсан асуудал болоод байна.
Улсын хэмжээнд асрамж, халамжийн төвүүдэд 900 орчим хүүхэд амьдарч байгаагийн багагүй хувийг хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд эзэлж байна. Өнөөдрийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн стандартаар эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд асрамжийн газраас гарах хуулиар хүлээсэн шаардлага тулгардаг. Гэвч бие даан амьдрах чадваргүй, сэтгэцийн архаг өөрчлөлттэй, гэр бүл, асран хамгаалагчгүй үлдсэн эдгээр иргэдийг цаашид хаана, хэрхэн амьдруулах вэ гэдэг асуудал жилээс жилд яригддаг ч өнөөдрийг хүртэл төрөөс тогтоосон тодорхой шийдэл, төрөлжсөн хоёр дахь шатны асрамжийн бүтэц байхгүй хэвээр байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй мөн сэтгэцийн эмгэгтэй хүүхэд 18 нас хүрэхэд тухайн асрамжаас гарах шаардлага тулгардаг бол тухайн хүүхдүүдийг цаашид хаана амьдруулах вэ гэдэг нь жилээс жилд тулгамдаж буй асуудал өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Тэгвэл СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх 550 ор байдаг байна. Үүний 250 орчимд нь эмчилгээ хийлгэхээс илүүтэй удаан хугацаагаар амьдарч байгаа иргэд байгаа бөгөөд зарим нь 37 жил болсон байна. Ингэснээр нийт орны тал хувь нь удаан хугацаагаар ашиглагдаж, шинээр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг хүлээн авах боломжид шууд нөлөөлдөг байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй иргэдийг эмнэлгийн орчинд удаан хугацаагаар байлгах бус, тэдний онцлогт тохирсон төрөлжсөн асрамж, хамгааллын төв шаардлагатай байгааг СЭМҮТ-ийн зүгээс хэлж байна. Энэ хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан ажлын хэсэг гарган ажилласан боловч өнөөдрийн байдлаар асуудал бүрэн шийдэгдээгүй байгааг албаныхан онцоллоо. Ингэснээр нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай олон хүн байгаа ч эмнэлгийн орыг удаан хугацаагаар эзэлж буй иргэдийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх боломж хязгаарлагдаж байна гэлээ.
Өнгөрөгч 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 300 ортой төрөлжсөн асрамжийн төвийг 2025-2027 онд барихаар төлөвлөж, 23.9 тэрбум төгрөгийн төсөв баталж байсан. Гэвч барилгын ажил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна. Тус төвийг “Өнөр бүл” хүүхдийн төвийн харьяанд ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 онд 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байсан. Гэвч санхүүжилтийн асуудлаас шалтгаалан барилгын ажил зогссон гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ талаар холбогдох байгууллагаас тодорхой мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин энэ хугацаанд манай улсын 20-оод асрамжийн төвүүдэд насанд хүрсэн ч бие даан амьдрах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй 18-34 насны 70-80 иргэд тухайн төрөлжсөн асрамжийн газрын үйлчилгээг өнөөдрийг хүртэл хүлээж байна.