3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анхны ипотекийн зээл болон түрээсийн орон сууцад тэргүүн ээлжид хамруулах, зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас 6-р сарын 11-нд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, төрөлтийг дэмжих, хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэгийг хүн амын бодлоготой уялдуулах, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэжээ.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд төсөлд бага насны хүүхэдтэй болон асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй ажилтанд уян хатан, зайнаас ажиллах нөхцөл бүрдүүлэх, хүүхдийн мөнгө, жирэмсний тэтгэмж, алдарт эхийн урамшууллыг хүн амын өсөлтийг дэмжих бодлоготой уялдуулах, гэр бүлийн үйлчилгээг e-family цахим платформоор нэгтгэх зэрэг зохицуулалт тусгажээ. Гэвч олон хүүхэдтэй өрхийг орон сууцны дэмжлэгт тэргүүн ээлжид хамруулах нь ипотекийн зээл хүлээж буй нэг, хоёр хүүхэдтэй залуу гэр бүлүүдийн боломжийг хязгаарлах эрсдэлтэй гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжилсэн байна.
Харин салбарын сайд Т.Аубакир төрөлтийг эдийн засгийн хөшүүргээр дэмжих шаардлагатайг тайлбарлаж, жилд төрөх хүүхдийн тоо таван жилийн өмнөх 80 мянга гаруйгаас 50 мянга болж буурсныг дурджээ.
Ийнхүү дээрх хуулийн төсөл нь төрөлтийг дэмжих, гэр бүлийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой ч орон сууцны хүртээмж, өрхүүдийн тэгш боломж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг хэрхэн цогцоор шийдвэрлэх нь чухал байна. Иймд гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт 113 гишүүний 65 хувийн саналаар дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.