Сүүлийн жилүүдэд Z үеийн залуусыг ажилдаа тогтвор суурьшилгүй, ажлаас амархан гардаг, ажиллах чадвар сул гэх ойлголт нийгэмд түгээмэл яригдах болсон. Гэвч залуусын ажлаас гарах шийдвэрийг зөвхөн хувь хүний хандлага, хариуцлагатай холбон тайлбарлах нь өрөөсгөл ойлголт юм. Залуус ажлаас гарахад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь байгууллагын буруу төлөвшсөн соёл. Мөн олон жил ажилласан ажилтнуудын харилцаа, хандлага болон ажлын байрны тодорхойгүй байдал нь залуусын ажлаас гарах шийдвэрт нөлөөлдөг байна.
Манай улсад ажиллах хүчний хомсдол өндөр байна. Гэвч 15–24 насны залуучууд нэг ажилд дунджаар 6 сарын турш ажилладаг гэх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл ажлын байрны орон тооны эрэлт хэрэгцээ их байдаг ч ажилтан олддоггүй, мөн нэг ажилд удаан хугацаанд ажиллах хүсэл эрмэлзлэл бага байгаа нь улсын ажилгүйдлийн түвшинд шууд нөлөөлөлдөг байна. Харин Z үеийнхэн буюу дижитал орчинд өсөж, хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцож буй залуусын хувьд ажил нь зөвхөн орлого олох хэрэгсэл байхаас гадна хувь хүний хөгжил, мэргэжлийн өсөлт, амьдралын тэнцвэрээ хадгалах боломж байхыг чухалчилдаг болжээ. Залуус ажлаас гарахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь байгууллагын буруу төлөвшсөн соёл, ажилтнуудын санал бодлыг үл тоомсорлох, алдааг шийдвэрлэхийн оронд буруутгах зэрэг хандлага байдаг. Түүнчлэн ажлын үүрэг, хариуцлага тодорхойгүй, удирдлагаас өгч буй чиглэл байнга өөрчлөгддөг, ажилтнаас юу хүлээж байгааг ойлгомжтой тайлбарладаггүй байдал нь ажлаас гарах шалтгаан болдог.
Иймд ажилтны тогтвор суурьшлыг нэмэгдүүлэхийн тулд байгууллагууд зөвхөн цалин, урамшууллаа нэмэгдүүлэхээс гадна эрүүл, хүндэтгэлтэй ажлын орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнд ажлын байрны чиг үүргийг тодорхой болгох, шаардлагатайг мэргэжилтэнүүд зөвлөж байна.
Түүнчлэн ажлаа ойр ойрхон сольж буй Z үеийн залуусыг шууд буруутгаж, сөргөөр ойлгох нь өрөөсгөл байна. Залуусын ажлаа солих шийдвэрийг тогтвор суурьшилгүй байдал гэж дүгнэхээс илүүтэйгээр тухайн ажилтан өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэт зүйлд нийцсэн, цаашид хөгжиж дэвших боломжтой ажлын байрыг эрэлхийлж байгаа хэрэг гэж ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаас залуус ч ажлын байранд хүлээсэн үүргээ ухамсарлах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, санал зөрөлдөөнийг зөвөөр шийдвэрлэх, мэргэжлийн хариуцлагаа ухамсарлах нь чухал байна. Тогтвортой хөдөлмөрийн харилцаа нь зөвхөн ажил олгогчийн эсвэл ажилтны үүрэг бус, харилцан ойлголцол, хүндлэл, итгэлцэл дээр тогтдог болохыг мэргэжилтэнүүд онцолж байна. Тиймээс Z үеийнхэн ажлаас гардаг үзэгдлийг ажиллах чадваргүй, тэвчээргүй гэх ганц өнцгөөс харах бус, байгууллагын орчин болон ажилтны хүлээлтийн нийцлийг хамтад нь авч үзэх шаардлагатай болжээ. Залуусыг тогтоон барихын тулд байгууллагууд өөрсдийн соёл, удирдлагын арга барилаа эргэн харж, ажилтнуудаа сонсдог, хөгжүүлдэг, үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэж Z үеийн залуус үзэж байна.