Манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын 3 агентлаг тогтвортой гэж үнэлжээ

Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ сүүлийн жилүүдэд ахиж, олон улсын томоохон 3 агентлагийн үнэлгээнд тогтвортой төлөв хадгалагдаж байгааг энэ сарын 9-нд ерөнхий сайд Н.Учрал танилцуулжээ. Тухайлбал гадаад өрийн урсгал орлогод эзлэх харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувь болж буурсан байна. 

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын үнэлгээнээс харвал “S&P Global Ratings” агентлаг манай улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг BB- буюу тогтвортой гэж дүгнэжээ. 

Түүнчлэн өнгөрсөн 5 болон 8-р сард Fitch Ratings агентлагаас B+ буюу тогтвортой, “Moody’s Investors Service”  байгууллага B1 буюу тогтвортой гэж үнэлж байсан юм.

ЗГ-аас төсвийн сахилга батыг баримталж, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүйгээр барьж, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна. Мөн Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөснийг мэдээлжээ.

Харин улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд эрчим хүчний салбарын дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай байна. Иймд Оюу толгойн ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг эрчим хүч, дулааны асуудлыг шийдвэрлэхэд зориулан 2027 оны төсөвт тусгажээ.