Пүрэв гарагт БНЭУ-ын нийслэл Шинэ-Дели хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр сөрөг хүчний удирдагч Рахул Ганди болон парламентын хэд хэдэн гишүүнийг цагдаагийн байгууллагаас албадан саатуулжээ. Энэтхэгийн сөрөг хүчний намуудын эвслээс тус улсын сонгуулийн ерөнхий комиссын даргыг эрх баригч намд үйлчилж, сонгуулийн үйл ажиллагааг луйвардсан хэмээн буруутгаж, түүнийг огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж байгаа юм.
Энэ долоо хоногийн эхээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар сөрөг хүчний удирдагчийг баривчилж, тухайн өдөртөө багтаан суллаж байгаа гэж мэдээлж байна. Жагсагчид тус улсын сонгуулийн ерөнхий комиссын даргыг эрх баригч Бхаратия Жаната намд үйлчилж, сонгогчдын нэрсийн жагсаалтаас 130 гаруй сая иргэний нэрийг үндэслэлгүйгээр хассан хэмээн буруутгаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн сонгуулийн комисс дотроо хагаралдаж, бусад комиссарууд нь даргынхаа шийдвэрийг эсэргүүцсэн баримт задарснаар олон нийтийн эсэргүүцэл дээд цэгтээ хүрчээ.
Хууль тогтоогчид нийслэлийн "Жантар мантар" талбай урьдчилан мэдэгдэлгүйгээр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэж оролдсон ч цагдаагийн байгууллагаас хамгаалалтын хаалт босгож, замыг нь хаажээ. Пүрэв гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны дараа сөрөг хүчний удирдагч Рахул Ганди, Приянка Ганди нарын тэргүүтэй 30 орчим парламентын гишүүнийг албадан саатуулсан байна. Харин сөрөг хүчний удирдагч болон парламентын гишүүдийг хоёр цаг орчим саатуулсны эцэст сулласан ч хуулийн байгууллагын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээсэн гэж мэдээллээ.
Энэтхэгийн сөрөг хүчний намын удирдагч Рахул Ганди "Энэ бол иргэдийн үндсэн хуульт эрхийг хамгаалах тэмцэл тул сонгуулийн үйл ажиллагаа ил тод болох хүртэл зогсохгүй" хэмээн суллагдсаныхаа дараа мэдэгджээ.
Харин сонгуулийн комисс болон эрх баригч намын талаас сөрөг хүчнийнхний байр суурийг няцааж, цагдаагийн байгууллагын үйлдлийг олон нийтийн хэв журам сахиулах хууль ёсны арга хэмжээ байсан гэж зөвтгөж байна. Уг жагсаалд улс төрчдөөс гадна шалгалтын материал задарсан дуулианаар боловсролын сайдаа огцруулж байсан залуусын хөдөлгөөн нэгдэж, тэмцэл Энэтхэг даяар өрнөж байна.