АНУ-ын Батлан хамгаалах яам 2009 онд Форт-Хүүд цэргийн баазад 13 хүний амийг хөнөөсөн Нидал Хасанын цаазын ял гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд шууд дамжуулан үзүүлнэ гэж мэдэгджээ. Энэ нь АНУ-ын түүхэнд цаазын ялыг цахим орчинд шууд дамжуулж буй анхны тохиолдол болох юм байна.
Тэгвэл сошиалаар шууд дамжуулах цаазын ялыг ирэх 12-р сарын 3-ны өдрийн 13 цагт түүний халдлага үйлдсэн Техас муж дахь Форт-Хүүд цэргийн баазад гүйцэтгэхээр товложээ. Энэ нь халдлага гарсан цаг хугацаа, байршилтай давхцаж байгаа аж.
Цэргийн буудан хороох отряд ялыг гүйцэтгэх бөгөөд энэ нь дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ын зэвсэгт хүчин буудан хороох аргыг хэрэглэн цаазын ял гүйцэтгэж буй анхны тохиолдол болох юм. Мөн 1961 оноос хойш тус улсын цэргийн шүүхээс гүйцэтгэж буй анхны цаазын ял гэж мэдээллээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид үүнийг олон нийтэд нээлттэй, хүмүүс үзэх боломжтой байлгах болно. Учир нь ийм төрлийн гэмт хэрэг маш ноцтой үр дагавартай байдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй" гэж мэдэгджээ.
АНУ-ын зэвсэгт хүчний сэтгэцийн эмч асан, хошууч Нидал Малик Хасан нь 2009 оны 11-р сарын 5-ны өдөр Форт-Хүүд баазын эмнэлгийн байранд зэвсэггүй байсан цэргүүд рүү гал нээж, 13 хүний амийг хөнөөн, 32 хүнийг шархдуулсан юм. 2013 онд болсон цэргийн шүүх хурлын үеэр тэрээр Афганистан дахь Талибан болон Исламын шашинтнуудыг хамгаалахын тулд энэ үйлдлийг хийсэн гэж хэргээ хүлээж байжээ. Цаазын ялын гүйцэтгэлийг цахим орчинд шууд дамжуулах нь АНУ-д урьд өмнө хэзээ ч болж байгаагүй үйлдэл тул хуульчид болон хүний эрхийн байгууллагууд үүнийг "Улс төрийн шоу" хэмээн эрс шүүмжилж байна. Түүнчлэн фэйсбүүк, юүтүб зэрэг олон нийтийн сүлжээнүүд хүчирхийлэл, аллагын шинжтэй дүрсийг шууд дамжуулахыг хориглодог дүрэмтэй тул Пентагон аль платформоор шууд дамжуулалт хийх нь одоогоор тодорхойгүй байна.