Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны дэмжлэгтэй Йемений “Хусит” босогчдын бүлэглэл Саудын Арабын нийслэл Рияд хотын "Хаан Халид олон улсын нисэх онгоцны буудлыг онилон дараалсан баллистик пуужингаар цохилт өгчээ. Хуситын халдлагын үеэр 14 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадсан байна.
Бямба гарагт болсон халдлагын хариуцлагыг Йемений Хусит зэвсэгт бүлэглэл хүлээсэн бөгөөд "Байндаа туссан" тусгай ажиллагаа байсан хэмээн мэдэгджээ. Саудын Арабын иргэний нисэхийн газраас амь үрэгдсэн 13 хүний дунд Саудын Арабын 4 иргэн, Бангладеш, АНУ, Иордан, Палестин, Сири, Судан, Египет болон Энэтхэгийн иргэд байжээ. Уг халдлагын улмаас нисэх буудлыг бүрэн хааж, Саудын Араб даяар сургуулиудыг долоо хоногийн хугацаатай цахим хэлбэрт шилжүүлжээ.
Бямба гаргийн халдлагын дараа Хуситууд агаарын тээврийн компаниуд болон зорчигчдод Саудын Арабын агаарын орон зай, нисэх буудлуудыг ашиглахгүй байхыг анхааруулсан юм. Үүний маргааш нь буюу ням гарагт Хаан Халид нисэх буудлын 4-р терминалын чиглэлд "Тодорхойгүй пуужин" унаж, түймэр дэгджээ. Саудын Арабын агаарын довтолгооноос хамгаалах хүчин нисэх буудлын орчимд ирж байсан далавчит пуужинг амдан устгасан боловч зарим сэг зэм унаснаар Пакистан улсын 1 иргэн амиа алдаж, 11 хүн шархадсан байна.
Тэгвэл зорчигчид цугласан оргил ачааллын үеэр ямар нэгэн урьдчилан сануулгагүйгээр агаарын цохилт өгснийг дэлхий нийт буруутгаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп халдлагыг "Аймшигтай, хүлээн зөвшөөршгүй" гэж тодорхойлж, Пентагон Саудын Арабын хамтаар Йемен дэх Хуситуудын эсрэг агаарын цохилт өгөх төлөвлөгөөг "Нухацтай авч үзэж байна" хэмээн цааш хэллээ. Их Британи, Канад улсууд элчин сайдын яамаараа дамжуулан Саудын Арабын Жидда, Даммам зэрэг бусад хотууд болон бүх нисэх буудлуудаар зорчихгүй байхыг иргэддээ онцгойлон анхааруулсан. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Йемений Хусит болон Саудын Арабын хооронд "Дипломат яриа хэлэлцээг зуучлахад" бэлэн байгаагаа мэдэгджээ.