Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Орос, Украин хоёр улс эрчим хүчний дэд бүтцэд агаарын цохилт өгөхгүй байх тохиролцоонд хүрлээ гэж мэдэгджээ. Мөн гал зогсоох тохиролцоо нь зарласан өдрөөсөө хүчин төгөлдөр болсныг тэрээр онцолсон байна. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський албан ёсны баримт бичигтэй танилцаагүй байгаагаа илэрхийлжээ.
Ням гарагт Володимиp Зеленський гал зогсоох тохиролцооны талаар мэдээллийг анх хэвлэлээс авсан бөгөөд цоо шинэ зүйл байсан хэмээн гайхаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр НАТО болон холбоотон орнуудын удирдлагуудтай ярилцсаны дараа "Хэрэв Оросын тал эрчим хүчний салбарт халдлагаа зогсоовол Украин үүнийг бүрэн дэмжинэ, одоогоор АНУ-ын талаас дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж байна" хэмээн мэдэгдлээ.
Үүнээс гадна өнгөрөгч Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн зах зээл болон өөрийн улсын эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахын тулд 10-р сард ОХУ-аас 300 мянган тонн, 11-р сард 500 мянган тонн, урт хугацаандаа 3 сая тонн дизель түлш худалдаж авах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн юм.
Уг геополитикийн томоохон шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын сангийн яамнаас ОХУ-ын дизель түлшний импорт, борлуултад тавиад байсан хоригийг 2027 оны 4-р сарын 7-ны өдрийг хүртэл түр хугацаанд цуцлах 135 дугаартай тусгай зөвшөөрлийг яаралтай баталжээ.
АНУ-ын засаг захиргаа ийм алхам хийх болсон гол шалтгаан нь дотоодын зах зээлд хөдөө аж ахуй, тээвэр, орон сууцны халаалтад өргөн хэрэглэгддэг дизель түлшний галлон тутмын үнэ 6.28 ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотой юм.
Ирэх 11-р сарын 3-нд АНУ-ын конгрессын завсрын сонгууль болох тул түлшний үнийн хэт өсөлтөөс үүдэлтэй иргэдийн бухимдлыг намжааж, сонгуулийн эрсдэлийг бууруулах нь Д.Трампын Бүгд найрамдах намын гол зорилго юм.
Харин Володимир Зеленський Москва, Вашингтоны дизель түлшний гэрээг ичгүүртэй үйлдэл хэмээн шүүмжилсэн нь Доналд Трампыг бухимдууллаа. Үүнтэй холбогдуулан Доналд Трамп цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Украин улс сонгууль явуулж, шинэ ерөнхийлөгчтэй болох цаг нь болсон хэмээн мэдэгдлээ. Тэрээр "Зеленськийд Оростой хэлэлцээ хийх маш олон боломж байсан ч тэр үүнийг хүсээгүй. Тэр аль хэдийн газар нутгийнхаа 30 хувийг алдаж, сая сая хүнээ үхэлд хүргэсэн. Одоо Украинчууд ОХУ-тай хэлэлцээ хийж чадах шинэ удирдагчаа сонгох ёстой" гэж хэлсэн байна.