Нийслэлийн түргэн тусламжийн төв өдөрт ойролцоогоор 1500 дуудлагад үйлчилдэг ч яаралтай тусламж шаардлагагүй дуудлага цөөнгүй байдаг

Нийслэлийн түргэн тусламжийн төв өдөрт ойролцоогоор 1500 дуудлагад үйлчилдэг байна. Гэвч эдгээрийн дунд яаралтай тусламж шаардлагагүй дуудлага цөөнгүй ирдэг байна. Тухайлбал, гартаа өргөс оруулах, шөрмөс татах, зарим тохиолдолд эмнэлгийн тусламжаас өөр шалтгаанаар, буюу утасныхаа тохиргоо хийлгэхээр түргэн тусламж дуудах тохиолдол ч гардаг гэнэ. Харамсалтай нь энэ нь амь нас нь минут, секундээр хэмжигдэж буй өвчтөнд цаг алдалгүй тусламж хүрэхэд хамгийн том саад бэрхшээл болдог байна.

Дэлхий улс орнуудад түргэн тусламжийн үнэ харилцан адилгүй өөр өөр үнэтэй байна. Зарим улсад үнэгүй байгаа бол зарим улсад хэт өндөр төлбөр авдаг ч улс байна. Тухайлбал, Шинэ Зеланд улс түргэн тусламжийн нэг удаагийн дуудлагын төлбөр 125 Шинэ Зеланд доллар буюу ойролцоогоор 252 мянган төгрөг болж нэмжээ. Харин түргэн тусламж үзүүлсэн үйлчилгээний бодит өртөг нь 1,000 Шинэ Зеланд доллароос давдаг буюу 2 сая гаруй төгрөг болдог байна. 
Мөн Австралийн шинэ өмнөд Уэльс мужид 2026 оны 7-р сарын 1-ээс замын түргэн тусламжийн суурь төлбөр 483 Австрали доллар буюу ойролцоогоор 1.1 сая төгрөг болж, тээвэрлэсэн километр тутамд нэмэлт 4.36 Австрали доллар буюу 10 мянга орчим төгрөг тооцдог болжээ.

Харин манай улсад түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлдэг. Манай улсад иргэд түргэн тусламжийг үнэ төлбөргүй авах боломжтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй байлгахын нэг чухал нөхцөл байдаг. Гэвч үнэ төлбөргүй байна гэдэг нь хүссэн үедээ, ямар ч шалтгаанаар дуудаж болно гэсэн үг биш юм. Хамгийн гол нь түргэн тусламжийн баг нэг шаардлагагүй дуудлагад үйлчилж байх хугацаанд өөр газар амьсгал нь боогдсон, зүрх нь зогссон, осол гэмтэлд өртсөн иргэний тусламж авах хугацаа хойшилдог  байна. 

Түргэн тусламж бол зүгээр нэг үнэ төлбөргүй үйлчилгээ бус, хүний амь насыг аврах зориулалттай онцгой үйлчилгээ юм. Иймээс иргэн бүр дуудлага өгөхдөө хариуцлагатай хандаж, яаралтай тусламжийг шаардлагатай үед нь авах нь чухал байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар амь насанд аюултай, яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдэд үйлчилгээг үнэ төлбөргүй харин эмнэлгийн яаралтай тусламж шаардлагагүй дуудлагад тодорхой хэмжээний төлбөр тогтоох зохицуулалт хэрэгтэй гэсэн байр суурыг илэрхийлж байна. Ингэснээр түргэн тусламжийн үйлчилгээг зөв зохистой ашиглаж, амь нас нь эрсдэлд орсон иргэдэд цаг алдалгүй хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх юм.