Жолооч жолоо  барьж байхдаа утсаа оролдох нь осол гарах эрсдэлийг 70 хувиар нэмэгдүүлдэг 

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа энэ үед зам тээврийн ослыг бууруулах нь нэн тэргүүний зорилт болж байна. Жолоочийн анхаарал сарнил замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд  үүнд гар утасны ашиглалт хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас хэлж байна. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.

—Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тоо 1.6 сая орчимд хүрсэн байна. Харин нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо  хэдийн 800,000-ыг давжээ.
—Тэгвэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүд мөргөлдөх тохиолдол өдөрт хамгийн  багадаа 1000 орчимд хүрдэг  бол өвлийн улиралд ослын тоо өдөрт 1400 орчимд хүрдэг байна. 
—Тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар  жолооч нар жолоо  барьж байхдаа гар утас ашиглах нь жолоочийн анхаарлыг 60–70 хувиар сарниулдаг болохыг тогтоожээ. Гар утас ашиглах үед жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хугацаа удааширч, осолд өртөх эрсдэл нэмэгддэг байна. 
— 2026 оны эхний хагас жилийн байдлаар Тээврийн цагдаагийн байгууллагаас жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 32 мянга орчим тохиолдол илрүүлснээс 70 орчим хувь нь жолоочийн анхаарал сарнилттай холбоотой зөрчлүүд  байжээ. Харин анхаарал сарниулдаг гол зүйл нь өнөө цагт гар утас болсон гэдгийг жолооч нар өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

Жолоочийн анхаарал хэдхэн хором хөндийрөхөд л замын нөхцөл байдал өөрчлөгдөж, гэнэтийн аюул үүсэх эрсдэл бүрддэг байна. Ялангуяа хөдөлгөөн ихтэй нийслэлийн замд урд яваа автомашин гэнэт тоормослох, эгнээ байрлалаа өөрчлөх, явган зорчигч зам хөндлөн гарах зэрэг нөхцөл байнга тулгардаг үед жолооч гар утсаа харж, дуудлагад хариулах эсвэл мессеж бичиж байвал аюулыг цаг тухайд нь анзаарахгүй осол гаргах эрсдэлтэй. Тээврийн цагдаагийн албаны 2025 оны статистик мэдээллээр нийслэлд бүртгэгдсэн 20,143 зам тээврийн ослын 19,297 нь буюу 96 хувь нь жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой байна. Мэдээж эдгээр ослыг бүгдийг нь гар утасны хэрэглээнээс үүдэлтэй гэж үзэх боломжгүй ч зам тээврийн ослын 70 орчим хувийг гар утасны хэрэглээнээс үүдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна.

Иймээс зарим жолоочдын хувьд утсаар ярих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд автомашинаа замын хөдөлгөөнд саад учруулахгүй, аюулгүй газар зогсоосны дараа ярихыг эрхэмлэдэг байна. Харин яаралтай шаардлага тулгарсан үед  чихэвч ашиглаж хөдөлгөөнд оролцохыг жолооч нар уриалж байна. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж, дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцохоос гадна ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Гэвч хяналт шалгалтаас гадна жолооч бүрийн ухамсар, хариуцлагатай үйлдэл чухал. Жолооны ард суусан үедээ гар утсаа түр хойш тавих нь энгийн сонголт мэт боловч хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нэг алхам юм.