Сарын 1 сая 800 мянган төгрөгийн цалинтай иргэн зөвхөн шатахуунд цалингийнхаа 22 хувийг зарцуулахаар байна

Инфляц 12.9 хувьд хүрч, АИ-92 шатахууны үнэ дахин 560 төгрөгөөр нэмэгдэж 3600 төгрөг болсон нь дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадварт хүнд цохилт болж байна. Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны хамгийн сүүлийн үеийн өгөгдөл, хэрэглээний үнийн индексийн сагсны бүтэц болон Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэ тариф дээр тулгуурлан 1 иргэний сарын дундаж цалинг 1,8 сая төгрөгөөр тооцон уг төсвийг дэлгэрэнгүй задлан шинжилж үзэхэд 1.8 сая төгрөгийн орлого нь нэг иргэний энгийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй, алдагдалтай гарч байна.

1.8 сая төгрөгийн цалинг хүнсний бараа бүтээгдэхүүн, бензин, байрны түрээс гэсэн 3 чиглэлд хуваан авч үзье:

---Улаанбаатар хотын замын түгжрэл, болон өвлийн цагт тээврийн хэрэгслийн хот доторх дундаж зорчилтыг тооцвол хувийн автомашинтай иргэн сард дунджаар 100-110 литр шатахуунд 400 мянга орчим төгрөг зарцуулахаар байна. Энэ нь сар бүр орлогынхоо 22 хувийг зөвхөн машиныхаа шатахуунд зарцуулж байна гэсэн үг юм. Үүнд автомашины тос масло, татвар, даатгал, гэнэтийн засвар үйлчилгээний зардлууд багтаагүй.
---Манай улсын нийт өрхийн зардлын хамгийн өндөр хувийг хүнсний хэрэглээ дангаараа эзэлдэг. Хэрэглээний сагсан дахь мах, сүү, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дундажлан тооцвол ганц бие иргэн сард хамгийн багадаа 500-800 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж байна.
---Харин худалдан авах хүнсний 35 орчим хувийг үнийн хэлбэлзэл өндөртэй мах, махан бүтээгдэхүүн дангаараа эзэлдэг. Ингээд уг тооцооноос харвал иргэн шатахуун, хүнс гэсэн 2 л  зардалд цалингийнхаа 67 хувийг буюу 1.2 сая төгрөгийг урьдчилж захиран зарцуулж байна.
---Дээрх үндсэн зардлуудыг хассаны дараа иргэний гар дээр ердөө 590 мянган төгрөг үлдэж байгаа нь СӨХ, цахилгаан, дулаан, гар утас, интернэтийн төлбөр, ахуйн ариун цэврийн хэрэглээ зэрэг өдөр тутмын зардалаа хангахад огт хүрэлцэхгүй байна

Өнөөдөр монголын нийгэмд хөдөлмөр эрхэлж буй залуус, дундаж давхаргынханд тулгарч буй хамгийн том бэрхшээл бол цалингийн өсөлт нь зах зээл дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хурдцыг гүйцэхгүй байгаа явдал юм. Хэдийгээр албаны статистикт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон зарим салбарын урамшуулал нэмэгдэж байгаа гэх боловч, иргэдийн гар дээр ирж буй мөнгөний бодит худалдан авах чадвар тасралтгүй буурсаар байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтийг ажвал манай улсын инфляцын түвшин сүүлийн жилүүдэд өндөр хэвээр байгаа бөгөөд дотоодын зах зээл дэх хүнс, тээврийн зардал үүнд хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж байна. Ялангуяа Улаанбаатар хотод амьдарч буй өрхүүдийн хувьд сар тутмын тогтмол зардлууд нь орлогын дийлэнх хувийг эзэлдэг эрсдэлтэй тогтолцоо үүсээд байгаа юм. Үүнээс гадна бинзен шатахууны тасалдал, үнийн өсөлт нь иргэдийн өдөр дутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна.

Өнөөгийн нөхцөлд дотоодын зах зээл дэх үнийн хөөрөгдлийг өдөөгч гол хөдөлгүүр нь ердөө хоёрхон суурь хэрэглээ буюу мах болон шатахуун болж хувираад байна. Шатахууны үнэ нэмэгдэх нь тээвэр логистикийн өртгийг шууд өсгөдөг бол махны үнийн хэлбэлзэл нь хүнсний сагсны үндсэн жинг бүрдүүлдэг тул инфляцын индексийг хамгийн хүчтэй дээш нь татдаг байна. Эдгээр стратегийн чухал бүтээгдэхүүний үнийг төрөөс болон зах зээлийн зохицуулалтаар тогтворжуулж, хязгаарлахгүй бол инфляцын түвшин улам эрчимжих аюултайг мэргэжилтнүүд сануулсаар байна. Үнийн өсөлт ийнхүү хяналтаас гарсан тохиолдолд иргэдийн бодит цалин, тогтмол орлого нь энэхүү хурдыг гүйцэх ямар ч боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл нэрлэсэн цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч худалдан авах чадвар нь үүнээс илүү хурдтайгаар унаж, дундаж давхаргын амьжиргаа хумигдах эрсдэл нүүрлээд байгааг эдийн засагчид хэллээ.

Мах, шатахууны үнийн өсөлт, орон сууцын түрээсийн дарамт зэрэг бусад хүчин зүйлс иргэдийг өдөр бүр бүсээ чангалахаас өөр сонголтгүй болгож байна. Хэрэв макро түвшинд үнийн хөөрөгдлийг барих, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох бодлого хэрэгжихгүй бол иргэдийн амьжиргаа уруудаж дундаж давхарга бүхэлдээ санхүүгийн туйлдалтад орох эрсдэл нүүрлээд байгааг мэргэжилтнүүд санууллаа. Иргэд нь хичээн зүтгэж эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй гадны орныг зорихоос өөр аргагүйд хүрч байна.