Энэ оны эхний 9 сарын байдлаар сургуулийн орчимд гарсан зам тээврийн ослын улмаас 476 хүүхэд бэртэж, гэмтжээ. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрч арилсан, зарим байршилд явган хүний гарц байдаггүй нь хүүхдүүдийг аюулгүй зорчиход эрсдэл үүсгэж байна. Түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчих, эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сулрах зэрэг хүчин зүйлс осол гарахад голлон нөлөөлдгийг албаныхан анхаарууллаа. Статистик мэдээллээр, 2020-2025 онд зам тээврийн ослын улмаас 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 2026 оны эхний 9 сарын байдлаар сургуулийн орчмын бүсэд зам тээврийн ослын улмаас 476 хүүхэд бэртэж, гэмтжээ. Тэгвэл сургуулийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн жолоочийн хариуцлагаар хязгаарлагдахгүй. Хүүхдүүдийн зорчих замд явган хүний гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй байх нь мөн эрсдэл үүсгэж байгааг хэлж байна. Иймд сургуулийн бүсэд жолооч нар хурдаа тохируулж, явган хүнд замаа тавьж өгөхөөс гадна замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатайг албаныхан мэдээллээ.
Сургуулийн орчны бүсэд хүүхдийн аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2025 оны 2-р сараас 2029 оны 2-р сар хүртэлх хугацаанд тусгайлсан төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд НЕБ-ын 10 сургуулийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөжээ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлгойлтыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэшсэн багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн сургуулийн орчмын хөдөлгөөний нөхцөл байдалтай биечлэн танилцаж, сурагчдын хичээлдээ ирэх, тарах үеийн аюулгүй байдалд үнэлгээ хийж байгааг албаныхан онцоллоо.
Сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зөвхөн жолооч, эцэг эхийн хариуцлага бус, холбогдох байгууллагуудын хяналт, зохион байгуулалт чухал үүрэгтэй байна. Хүүхэд зам хөндлөн гарахдаа аюулгүй байх нөхцөл бүрдээгүй бол замын хөдөлгөөний дүрэм мөрдөхийг зөвлөхөөс гадна тэрхүү нөхцөлийг бодитойгоор сайжруулах шаардлагатай юм. Иймд сургуулийн орчмын замын зохион байгуулалтыг хүүхдийн аюулгүй байдалд нийцүүлж, эрсдэлтэй байршлуудыг илрүүлэн шийдвэрлэхийн зэрэгцээ жолооч, эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна.