Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны даргад Б.Баярбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 10-р сарын 13-ны хуралдаанаар хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын нэр дэвшүүлсэн Б.Баярбаатарыг дэд хорооны даргаар сонгохыг олонх дэмжлээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр дэд хорооны эрх, хууль сахиулах байгууллагуудад тавих парламентын хяналт, удирдлагын хараат бус байдлын талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Ингэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн хяналтын дэд хорооны даргаар сөрөг хүчний төлөөлөл ажиллах ёстой гэж үзсэн ч тус намаас нэр дэвшигч тодруулаагүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр тусгай хяналтын дэд хороо өмнөх хугацаанд үр дүнтэй ажиллаагүйгээс хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд тавих парламентын хяналт хангалтгүй байсныг шүүмжиллээ. Учир нь улс төрийн хүрээнд гэмт хэрэг, хууль бус үйлдлийн талаарх мэдээлэл олноор гардаг ч тухайн асуудлыг хуульд нийцүүлэн шалгаж, бодит байдлыг тогтоох үйл явцад парламентын хяналт чухал байна. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэд хорооны хяналтын чиг үүргийг гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээлэлтэй танилцах эрхтэй адилтгаж болохгүйг анхааруулсан юм. 

Тэгвэл хяналтын чиг үүрэгтэй бүтцийн удирдлага эрх баригч олонхоос хараат бус байх нь улс төрийн эрх мэдэлтэй холбоотой асуудлыг хянахад чухал гэж үзсэн юм. Мөн дэд хорооны бүрэлдэхүүнд 5 намын төлөөлөл бүрэн багтаагүй асуудлыг хөндөж, бусад намын оролцоог хангах шаардлагатайг онцоллоо. Харин дэд хорооны даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар парламентын хяналтын чиг үүрэг сүүлийн жилүүдэд идэвхжиж, сонсгол, түр хороо байгуулах замаар өргөжсөнийг онцоллоо. Ингэхдээ хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатайг илэрхийллээ.

Ийнхүү дэд хорооны даргыг сонгох асуудлын хүрээнд нэр дэвшигчийг олонх дэмжсэн ч хяналтын дэд хороо хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй, хараат бус хяналт хэрэгжүүлэх нь цаашдын үйл ажиллагааны гол асуудал болж байна.