АНУ-ын эдийн засагчид болох Роберт Холл, Майкл Вүүдфорд нар 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд боллоо. Тэд дэлхийн өнцөг булан бүрийн төв банк, сангийн яамдын эдийн засгийг тогтворжуулахад ашиглаж буй суурь загваруудыг боловсруулсан олон арван жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Эдийн засгийн шинжлэх ухааны шагналын хорооны дарга Жон Хасслер “Хоёр эдийн засагчийн судалгааны тусламжтайгаар бид эрчим хүчний хямрал эсвэл өрхийн хэрэглээний гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн хүчтэй цочролуудыг даван туулахад илүү сайн бэлтгэгдсэн" гэж мэдэгдлээ.
Өдгөө Вүүдфорд, Холл нарын онолыг дэлхийн тэргүүлэгч төв банкууд практикт байнга ашиглаж байна. Тухайлбал банкууд 2022 онд ковид-19 цар тахлын дараа үүссэн инфляцын огцом өсөлттэй тэмцэж байсан бол өнөөдөр Ираны дайн болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй эрчим хүчний үнийн цочролыг зөөлрүүлэхэд уг загваруудыг ашиглаж байна.
Шагнал хүртсэн бүтээлийн гол үзэл санаа нь эдийн засгийг зөвхөн дээрээс доош чиглэсэн макро онолоор удирдахын оронд сая сая өрх болон бизнесүүдийн бичил (микро) түвшинд гаргаж буй шийдвэр, хүлээлтийг харгалзан үзэж байж л эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна гэдгийг баталсанд оршиж байгаа аж. Мөн төв банкууд зөвхөн зээлийн хүүг өөрчлөх биш, ирээдүйд ямар бодлого баримтлахаа олон нийтэд ил тод, урьдчилан зарлах нь зах зээлийг гэнэтийн айдас, хямралаас хамгаалж тогтворжуулдаг гол хэрэгсэл болохыг Холл, Вүүдфорд нар баталжээ. Цаашилбал эрэлт өөрчлөгдсөн ч үнэ шууд дагаж хувьсдаггүй "Наалдамхай" шинж чанартайг болохыг илрүүлж, эдийн засгийн нөөц бололцоог үр ашигтай удирдахын тулд "Гарцын зөрүү"-г тэг рүү чиглүүлэх ёстой гэдэг өнөөгийн төв банкуудын үндсэн дүрмийг тэд зохиожээ.