Трампын сүрдүүлгийг үл хамааран АНУ-ын зэвсгийг Украин руу нийлүүлсээр буйг НАТО-ын албан тушаалтан баталлаа

Европын холбоотон орнуудын санхүүжилтээр АНУ-аас зэвсэг худалдан авч Украины зэвсэгт хүчинд нийлүүлэх хөтөлбөр хэвийн үргэлжилж байгааг НАТО-ын удирдлагууд баталгаажууллаа. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины армийг ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон дроны халдлагаа зогсоохгүй бол уг зэвсгийн хөтөлбөрт хориг тавина гэж сүрдүүлсэн юм. 

Өнгөрсөн амралтын өдрөөр АНУ-ын албаны хүмүүс Украин болон Европын холбооны орнуудын эрх баригчид руу утас цохиж, хэрэв Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд өгч байгаа дроны довтолгоог зогсоохгүй бол тагнуулын мэдээлэл хуваалцах ажиллагаа болон зэвсэг нийлүүлэх  механизмыг бүхэлд нь царцаана гэдгийг хатуу анхааруулжээ. 

Харин өнгөрөгч даваа гарагт Брюссель хотноо болсон хаалттай уулзалтын үеэр НАТО-ын төлөөлөгч  "Ерөнхийлөгч Трампын мэдэгдэл, шахалтыг үл хамааран Purl хөтөлбөрийн хүрээнд Украинд очих дэмжлэг болон зэвсгийн урсгал хэвийн, тасралтгүй үргэлжилж байна" хэмээн онцлон мэдэгджээ .

Өдгөө Европын холбоотнууд болон Канад улсын санхүүжилтээр АНУ-ын батлан хамгаалахын агуулахаас зэр зэвсгийг худалдан авч, Украин руу нийлүүлэх механизм хэрэгжиж байгаа юм. 

Хэдийгээр зэвсгийн урсгал үргэлжилж байгаа ч барууны орнууд дотооддоо санхүүгийн зарим дутагдалтай тулгарч байгаа тухай мэдээллээ. Тухайлбал холбоотнууд 2025 онд төлөвлөсөн 5 тэрбум ам.долларын зорилтоосоо 700 сая орчим ам.доллароор хоцорсон бөгөөд 2026 оны эхний хагаст патриот пуужингийн олдоц дэлхий даяар хомсдсоноос шалтгаалж нийлүүлэлтийн хурд саараад байгаа аж.

Түүнчлэн НАТО-ын бус түнш болох Япон улс уг механизмд нэгдсэн ч өөрийн үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас зөвхөн үхлийн бус техникийг санхүүжүүлэх замаар оролцож байна. Одоогоор Европын холбоотнууд Вашингтоныг уг механизмыг хууль ёсоор бүрэн царцаахаас сэргийлж, АНУ-ын Батлан хамгаалах яамтай зөвшилцөх дипломат яриа хэлэлцээг идэвхтэй өрнүүлж байна.