Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид Хятад улстай тогтоосон худалдааны харилцааг эргэн харж, шударга бус, тэнцвэргүй байдлыг засах хэлэлцээг эхлүүлжээ. Учир нь Хятад улсын үйлдвэрлэлийн илүүдэл болон хямд экспортын огцом өсөлт нь Европын аж үйлдвэрийн салбарыг туйлдуулж, худалдааны алдагдлыг 360 тэрбум еврод хүргээд байгаа юм.
Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид ирэх пүрэв гарагт Брюссель хотноо дээд хэмжээний уулзалт хийх тов гарчээ. Хятадын автомашин болон бусад бэлэн бүтээгдэхүүний экспортын огцом өсөлт нь Европын дотоодын үйлдвэрлэлийг туйлдуулж, улмаар бүс нутгийн хэмжээнд ажилчдыг цомхотгох бодит эрсдэлийг дагуулаад байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус дээд хэмжээний уулзалтаар зөвхөн худалдааны асуудлаас гадна Украин дахь нөхцөл байдал, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ОХУ-тай байгуулсан дизель түлшний гэрээ, Ойрх Дорнодын хямрал, батлан хамгаалах салбар, цагаачлалын урсгал, ЕХ-ны урт хугацааны төсөв болон эвслийг тэлэх зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хэлэлцэх юм.
Европын удирдагчид дотоодын улс төрийн хямралаас түр ч болов холдохын тулд уг дээд хэмжээний уулзалтыг хүлээж байсан байж магадгүй юм. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон төсвийн мухардлаас үүдэн оюутны эсэргүүцэл болон бондын зах зээл дээрх огцом алдагдалтай нүүр тулаад байгаа бол Германы канцлер Фридрих Мерц орон нутгийн сонгуулийн ялагдлын дараа эвслийн засгийн газраа авч үлдэхийн төлөө тэмцэж байна. Мөн Испанийн ерөнхий сайд Педро Санчес ирэх сард болох ээлжит сонгуулийн өмнө түр амсхийх гэж байна.
Өдгөө Европ даяар улс төрийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Сонгогчдын зүгээс улс орны эдийн засаг тэдний хүлээж буй нийгмийн халамж, үйлчилгээг санхүүжүүлэх хэмжээний баялгийг бүтээж чадахгүй байна гэж үзэж байгаа бөгөөд үүн дээр суурилан хэт барууны болон үндэсний үзэлт фракцууд эрх баригчдад хүчтэй шахалт үзүүлж эхэлжээ.
Тэгвэл Хятадын хямд экспорт болон АНУ-ын импортын өндөр тарифаас үүдэлтэй давхар цохилт нь бүс нутгийн аж үйлдвэрийн суурийг улам ганхуулж, Германы "Volkswagen" концерн 100,000 гаруй ажилтнаа цомхотгохоос өөр аргагүйд хүрээд байна.