Уушгин дахь зангилаагаа авахуулсан Ромын пап XIV Лео хагалгааны үеэр хорт хавдартай гэж оношлогджээ 

Өнгөрсөн мягмар гарагт Ромын пап лам 14-р Лео баруун уушгин дахь зангилаагаа авхуулахаар хагалгаанд орсон ч хорт хавдартай гэж оношлогджээ.  90 минут үргэлжилсэн хагалгааны үеэр эмч нар пап ламын зангилааг авахын зэрэгцээ эсийн шинжилгээ хийж үзэхэд уушгины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр илэрсэн байна. 

Саяхан хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгээр Ромын пап 14-р Леогийн баруун уушгинд нь зангилаа үүссэнийг тогтоосон бөгөөд өнгөрөгч мягмар гарагт Ромын Жемелли эмнэлгийн эмч нар мэс заслыг амжилттай гүйцэтгэжээ. 

Мэс заслын багийн ахлагч эмч Стефано Маргаритора хагалгаа ямар нэгэн хүндрэлгүйгээр 90 минут үргэлжилсэн гэж мэдэгдлээ. Тэрээр “Бид өвчтөнийг үр дүнтэй эмчлэхийн тулд зөвхөн зангилааг бус баруун уушгины доод хэсгийг бүхэлд нь  дурангаар авсан. Энэ нь хавдрын эсийг үндсээр нь цэвэрлэх зорилготой байсан” хэмээн хэвлэлд ярьжээ. 

Түүнчлэн хөндлөнгийн шинжээчид пап ламын уушгин дахь хавдартай зангилааг авсан нь сайн хэрэг ч хавдрын эсүүд тунгалгийн булчирхайнууд руу үсэрхийлж амжсан эсэх талаар мэдээлэл өгөхийг Ватиканаас хүсэж байна. Учир нь хавдрын эс тунгалгийн зангилаанд үсэрхийлээгүй, жижиг хэмжээтэй байвал зөвхөн мэс засал хийснээр бүрэн эдгэрэх боломжтой. Харин эцсийн шинжилгээгээр хавдрын тархалт илүү өргөн хүрээг хамарсан нь тогтоогдвол өвчний цаашдын тавилан тааруу байхыг илтгэнэ. 

Ватиканы зүгээс пап 14-р Леог эмнэлэгт долоо хоног  хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн тул 10-р сарын 20 хүртэлх бүх олон нийтийн арга хэмжээг цуцлаад байна. Мөн тэрээр ирэх сарын 6-аас 17-ны хооронд Уругвай, Аргентин, Перу улсуудад 11 хоногийн аялал хийхээр төлөвлөөд байгаа юм. 2025 оны 5-р сард сонгогдсон пап 14-р Лео нь католик сүмийн удирдагчдын хувьд харьцангуй залууд тооцогддог, тэрээр спортоор хичээллэдэг, тэр дундаа теннис тоглох дуртай, тамхи татдаггүй, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй нэгэн байна. Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн болох пап ламд өвчтэй байх хугацаанд нь оронд нь шийдвэр гаргах орлогч гэж байдаггүй аж. 

Үүнээс гадна пап 14-р Лео бага залуу насандаа Перу улсад номлогчоор ажиллаж байх үедээ гэдэсний хижиг өвчин тусаж, хүнд өвдөж байсан түүхтэй гэж мэдээллээ.