Манай улс ирэх оноос Оюутолгойн төслөөс ногдол ашиг хүртэхээр болсон талаар засгийн газраас мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрийн засгийн газрын хуралдаанаар ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хэлэлцсэн бөгөөд 2027 онд төвлөрүүлэхээр тооцсон 3 их наяд төгрөгийн 1 их наядыг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наяд төгрөгийг эрчим хүч, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулахаар санал дэвшүүлжээ. Гэхдээ 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн хэмжээ одоогоор эцэслэн баталгаажаагүй байгаа юм.
Харин иргэдийн зүгээс Оюутолгойн баялаг нь нийт ард түмний өмч учраас өгөөжийг нь иргэдэд бэлэн мөнгөөр хүртээх нь зүйтэй гэж үзэж байна.
Тэгвэл үндэсний баялгийн сангийн тухай хуульд хуримтлалын сангийн хөрөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцын хэрэгцээнд зориулан ашиглахаар заасан байдаг. Мөн сангийн хөрөнгийг иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэх зохицуулалттай. Тиймээс Оюутолгойн ногдол ашгаас 1 их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараахгүй байгаа нь зөвхөн засгийн газрын сонголт биш, хуулиар тогтоосон сангийн зориулалттай холбоотой гэдгийг сангийн сайд З.Мэндсайхан хэлж байна.
Харин үлдсэн 2 их наяд төгрөгийг юунд зарцуулах талаар засгийн газраас дараах саналыг гаргаад байгаа юм байна. Үүнд, дулааны цахилгаан станцын 6-р төслийг хэрэгжүүлэх, 10 аймагт дулааны цахилгаан станцын ажлыг урагшлуулах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, сургууль, дотуур байр барихаар төлөвлөжээ. Гэвч төсөл тус бүрд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах, хэзээ ашиглалтад оруулах, ямар үр өгөөж өгөхийг одоогоор нарийвчлан тодорхой болгоогүй байгаа юм байна.
Тэгвэл иргэд энэ сарын 28-ныг хүртэл e-mongolia болон e-zasag.mn платформоор Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар саналаа өгөх боломжтой байна. Хэдийгээр санал асуулгаар иргэдийн хүсэлтийг авч байгаа хэдий ч аль төслийг сонгох, хөрөнгө оруулалтыг хэрхэн хянах, зарцуулалтын үр дүнг олон нийтэд яаж тайлагнах нь тодорхой байх ёстой. Учир нь энэ мөнгө бол зүгээр нэг төсвийн орлого бус, монголын байгалийн баялгаас хүртэх өгөөж юм.