Нийслэлийн хэмжээнд 65 мянга гаруй гарааш бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрт нийт 18 тэрбум гаруй төгрөгийн татвар ногдуулахаар төлөвлөжээ. Харин иргэдийн зүгээс гарааш, авто зогсоолыг ашиг олох зорилгоор бус, хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа тул татвар ногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна. Иймд иргэн О.Батхүү parliament.mn сайтаар дамжуулан гарааш, авто зогсоолоос авах үл хөдлөх хөрөнгийн албан татварыг чөлөөлөх хуулийн өөрчлөлтийн санаачилга гаргажээ. Одоогоор уг санаачилгыг 20 гаруй мянган иргэн дэмжээд байна.
Тэрбээр уг санаачилгыг гаргах болсон шалтгаанаа тайлбарлахдаа өрхийн хэрэгцээнд ашиглаж буй ганц гарааш, авто зогсоолыг бизнесийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй адилтган татвар ногдуулах нь зохимжгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Учир нь иргэд гарааш, авто зогсоолтой болохын тулд олон жил хөдөлмөрлөж, зарим тохиолдолд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч худалдан авдаг. Гэтэл өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж буй ийм хөрөнгийг ашиг олох зорилготой бизнесийн хөрөнгөтэй адилтган татвар ногдуулж байгаа нь буруу гэж тайлбарласан юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль анх 2000 онд батлагдаж байжээ. Үүнээс хойш 2010 онд татварын хэмжээг 0.6–1.0 хувь байхаар тогтоосон бол 2021 онд 0.6–2.0 хувь болгон нэмэгдүүлжээ. Харин 2024 онд хуульд дахин өөрчлөлт оруулж, нутаг дэвсгэрийн харьяалалтай холбоотой зохицуулалтыг шинэчилсэн байна. Энэ хүрээнд нийслэлд бүртгэлтэй 65 мянга гаруй гараашнаас нийт 4.5 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Хэрэв уг санал болгож буй хуулийн өөрчлөлт батлагдвал иргэн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш эсвэл авто зогсоолоо үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэх боломжтой болох юм.