Улсын хэмжээнд өдөрт дунджаар 10 хос гэрлэлтээ цуцлуулж, 40 орчим хос шинээр гэрлэлтээ бүртгүүлж байна

Манай улсад жилд 17 мянган шинэ гэрлэлт бүртгэгддэг бол мөн хугацаанд 4-5 мянган хос гэрлэлтээ цуцлуулдаг байна.  Өөрөөр хэлбэл, шинээр гэрлэлтээ батлуулж буй дөрвөн хос тутмын  нэг нь  салж байна гэсэн статистикт тоо баримт байна. Сүүлийн жилүүдэд хосуудын  холын харилцаанаас үүдсэн салалтууд нийт салалтын  60-70 хувыг эзэлж байгааг албаныхан онцолж байна. Үүний нэг жишээ бол залуу гэр бүлүүд санхүүгийн хүндрэлээс шалтгаалж  гадаадын  улс орнуудыг зорин ажиллах явцдаа гэр бүлээс гадуур харилцаа үүссэний үндсэн дээр  хөрөнгийн маргааны  тодорхойгүй байдлаас болж үр хүүхэд өнчирч  байгааг мэргэжлийн өмгөөлөгч хэлж байна. 

Манай улсад 2021-2025 онд гэр бүл цуцлалтын тоо 32.5 хувиар нэмэгджээ. Тэгвэл энэ оны эхний хагас жилд 17 мянган шинэ гэрлэлт бүртгэгдсэн бол мөн хугацаанд  4-5 мянган хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүнээс үзэхэд улсын хэмжээнд өдөрт дунджаар 10 хос гэрлэлтээ цуцлуулж, 40 орчим хос шинээр гэрлэлтээ бүртгүүлж байна. Гэр бүл салалтад санхүүгийн хүндрэл, үл ойлголцол, итгэлцэл алдагдах, гэр бүлээс гадуурх харилцаа, архидалт, хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тэр дундаа хосууд гэр бүлийн хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, бие биеэ сайн таньж мэдэлгүй гэрлэх нь харилцаанд нь хүндрэл үүсгэх нэг хүчин зүйл болдог гэдгийг албаныхан онцолж байна. 

Гэр бүлийн салалтын үр дагаварт хүүхдүүд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй юм. Тэгвэл  эцэг эх нь тусдаа амьдрах болсноор хүүхдийн өдөр тутмын амьдрал, асаргаа халамж, сэтгэл зүйн байдалд өөрчлөлт гарч болзошгүй гэдгийг иргэд хэлж  байна. Харин  зарим хүүхэд эцэг эхийнхээ харилцааны асуудлыг өөрөөсөө болсон гэж ойлгох, өөрийгөө буруутгах, сэтгэл түгших зэрэг бэрхшээлтэй тулгардаг байна. Мөн салалтын дараа хүүхдээ асарч буй эцэг эхийн нэг нь санхүүгийн болон ахуйн илүү их ачаалал үүрэх нь бий. Иймд гэр бүл салсан ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хоёулаа биелүүлэх нь чухал бөгөөд гэр бүлийн харилцаанд хосуудын итгэлцэл ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг иргэдийн зүгээс мөн хэллээ. 

Тэгвэл гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад зөвхөн хууль эрх зүйн зохицуулалт бус, хосуудын харилцан ойлголцол, сэтгэл зүйн боловсрол, хариуцлагатай харилцаа чухал нөлөөтэй байна. Тиймээс залуусыг гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүл төлөвлөлтийн мэдлэг олгох, хосуудын харилцаанд дэмжлэг үзүүлэх ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Харин гэр бүлд хүчирхийлэл, дарамт шахалт үүссэн тохиолдолд салалтыг зөвхөн бууруулахад чиглэх бус, хүний аюулгүй байдал, эрхийг нэн тэргүүнд тавих нь чухал  хэвээр байна.