2024 онд улсын хэмжээнд 18 мянга гаруй хүн нас барсны 12 мянга гаруй нь эмнэлгээс гадуур буюу гэртээ, замд нас баржээ

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, үйл ажиллагааг сайжруулах олон улсын туршлага солилцох хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд тулгамдаж буй дараах гол асуудлуудыг гадны улс орнуудын шилдэг туршлагад суурилан хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Үүнд эрүүл мэндийн хөгжлийн бодлого, тусламж үйлчилгээний чанар ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулалт, гадаад эмчилгээний зохицуулалт зэрэг багтаж байгаа юм байна. Зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид, эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон нийгэм, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, харилцан туршлага солилцлоо.

Манай улсын хүн ам өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан нь эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд гол тээг болж байна. Өвчнийг эрт илрүүлж, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь хүний амь аврах хамгийн чухал хүчин зүйл тул эрүүл мэндийн салбарт агаарын тээврийг ашиглах боломж, эрх зүйн зохицуулалтыг яаралтай судлах шаардлагатайг албаныхан онцоллоо. Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2024 онд улсын хэмжээнд 18 мянга гаруй хүн нас барсны 12 мянга гаруй нь эмнэлгээс гадуур буюу гэртээ, замд нас баржээ. Харамсалтай нь нийт баралтын 54 хувийг эзэлж буй 9761 тохиолдолд хугацаа алдалгүй, чанартай тусламж үзүүлж чадсан бол амийг нь аврах бүрэн боломжтой байсныг мэргэжилтнүүд анхаарууллаа. Иймд тусламж хүргэх хугацааг хамгийн бага хугацаанд авчрах, яаралтай тусламжийн тогтолцоог үндсээр нь бэхжүүлэх нь өнөөдөр эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан, нэн тэргүүний зорилт болоод байна.

Иймээс эрүүл мэндийн тусламжийг илүү шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд агаарын тээврийг ашиглах боломжийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Энэ чиглэлээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, гадаадын улс орнуудын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг өнөөдөр зохион байгуулагдсан олон улсын хурлаар хэлэлцлээ. Тус хуралд эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид, эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрхтэн шилжүүлэн суулгах болон гадаад эмчилгээний зохицуулалтын талаар туршлага солилцжээ. 

Дээрх үйлчилгээнүүдийг хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж авах боломжийг нэмэгдүүлж, шаардлагатай үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж хүргэх нөхцөл бүрдэнэ гэж оролцогч талууд мэдээллээ.