АН: Оюутолгойн ногдол ашиг тогтмол орлого биш учраас ирээдүйн орлогоор өнөөдрийн зардлыг нэмэгдүүлэх нь буруу

Засгийн газар ирэх онд Оюу толгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолсон. Үүнээс нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд, 2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 52 төсөл санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл АН-ын зүгээс ногдол ашиг нь тогтмол орлого биш учраас улсын төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглах нь эрсдэлтэй бөгөөд байгалийн баялгийн орлогыг ирээдүй хойч үедээ зориулан хуримтлуулах ёстой гэж үзжээ.

АН-ын зүгээс ЗГ-аас тооцоолоод байгаа Оюутолгой 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилах санхүүгийн боломжтой эсэх нь тодорхойгүй байхад уг орлогыг төсөвт тусалсан нь эрсдэлтэй гэж үзжээ. Мөн ногдол ашиг тогтмол орлого биш учраас ирээдүйн орлогоор өнөөдрийн зардлыг нэмэгдүүлэх нь буруу гэдгийг онцоллоо. 

Засгийн газраас и-монголиа болон и-засаг.мн системээр дамжуулан ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авч эхэлсэн. Гэвч санхүүжүүлэх төслүүдээ урьдчилан тодорхойлсны дараа санал асуулга явуулж байгаа нь учир дутагдалтай гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна. Мөн УИХ-ын гишүүн, сангийн сайд асан Б.Жавхлан Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд бэлнээр олгохын тулд үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн юм.

Түүнчлэн Оюутолгойн ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг улсын төсөвт авч, 10 аймгийн дулааны станцын төслийг санхүүжүүлэхээр төлөвлөснийг АН-аас шүүмжиллээ. Тэдний үзэж байгаагаар Оюутолгойн ногдол ашиг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан зориулалтаар зарцуулагдах ёстой бөгөөд иргэдийн хуримтлалд төвлөрүүлэх нь зөв аж.