Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт 10-р сарын 8-нд гарсан хээрийн түймрийг 10-р сарын 16-нд унтраажээ. Түймрийг цурамд оруулахын тулд олон аймгаас алба хаагч, техник хэрэгсэл дайчилж, БНХАУ-ын талтай хамтран ажилласан байна. Дээрх асуудалтай нэр холбогдоод буй “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор байгаль орчинд учирсан хохиролд гүнээ харамсаж, албан ёсоор уучлалт хүслээ.
Тус түймэр нь өргөн уудам нутгийг хамарчээ. Зүүн бүсийн төв онцгой байдлын газраас Нөмрөгийн дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь түймэрт өртсөн талаар мэдээлсэн. Тус дархан цаазат газар 587.7 мянган га талбайтай бөгөөд 56 зүйл хөхтөн амьтан, 263 зүйл шувуу, 24 зүйл загас, 493 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн байдаг. Одоогоор шатсан талбайн эцсийн хэмжээ, ан амьтан, ургамалд учирсан хохирлын үнэлгээ гараагүй байна.
Мобиком корпорацийн мэдээлснээр Халхголын хилийн заставыг 4G сүлжээнд холбох болон Сүмбэр хилийн боомтын шилэн кабелийн холболтын ажлыг хүлээлгэн өгөх, цаашдын сүлжээний боломжийг судлах үеэр компанийн тээврийн хэрэгсэлд гал гарч, улмаар тухайн бүс нутагт хээрийн түймэр дэгдсэн байна. Иймд тус корпорацийн гүйцэтгэх захирал Ясухиро Очи эрх бүхий байгуулагуудын шалгалтад бүрэн хамтран ажиллаж, шалгалтын үр дүнд үндэслэн учирсан хохирлыг барагдуулах үүргээ биелүүлж, байгаль орчны нөхөн сэргээлтэд оролцохоо мэдэгджээ. Мөн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэдэд талархал илэрхийлсэн байна.
Өмнө нь 2023 оны 4-р сард Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэрт ой, бэлчээр, ургамал бүхий 447 мянга орчим га талбай өртөж, хохирлыг урьдчилсан байдлаар 3.5 тэрбум төгрөгөөр тооцож байжээ. Энэ удаагийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг нарийвчилсан үнэлгээний дараа тогтоох юм байна.