Украины армийн офицер асныг “Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэргээр шүүж байна

Энэ лхагва гарагт ХБНГУ-ын Хамбург хотын дээд шүүхэд «Умардын урсгал» хийн хоолойн дэлбэрэлттэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ. Энэ хэрэг нь  дэлхийн 2-р дайнаас хойш Европын эрчим хүчний дэд бүтцэд ноцтой хохирол учруулсан хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаанд тооцогдож байгаа төдийгүй шүүх хурал олон улсын анхаарлын төвд байна. 

Германы хуулийн дагуу сэжигтний нэрийг нууцалж байсан ч шүүх хурал эхлэх үед хэрэгт холбогдогч нууцлалаасаа татгалзсан байна. Сэжигтэн нь Украины зэвсэгт хүчний тусгай хүчний офицер, армийн ахлагч асан, 50 настай Серхий Кузнецов болох нь тодорхой болжээ. Тэрээр шүүх хуралд орчуулагчийн тусламжтайгаар оролцож байгаа бөгөөд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээ. 

Германы холбооны прокурорууд сэжигтэн Кузнецовыг “Украины төрийн байгууллагуудын даалгавраар дайны гэмт хэрэг үйлдсэн” хэмээн буруутгаж байна. Украины армийн элит офицер асан Кузнецов нь хуурамч паспорт ашиглан Герман руу нэвтэрч, Росток боомтоос «Андромеда» нэртэй дарвуулт онгоцыг түрээсэлсэн байна. Тэрээр гүний шумбагчид болон тэсрэх бодисын шинжээчдээс бүрдсэн долоон хүнтэй багийг ахлан, Данийн Борнхольм арлын ойролцоо 70–80 метрийн гүнд 14-27 кг жинтэй дөрвөн цагтай тэсрэх бөмбөг суурилуулж, байгалийн хийн хоолойг дэлбэлсэн гэж прокурорууд үзэж байна. Мөрдөгчид сэжигтний гар утаснаас баримтууд илрүүлснээс гадна Италид байхдаа эхнэртэйгээ утсаар ярихдаа уг дэлбэрэлтийг «Цэргийн албан ёсны ажиллагаа байсан» гэж хэлсэн аудио бичлэгийг гол нотлох баримт болгон харуулжээ. 

Тэгвэл Кузнецовын өмгөөлөгч Никола Канестрини хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан байна. Хамгаалагч талаас мөрдөгчид дөрвөн жилийн хугацаанд мөрдөн шалгахдаа хэргийн газраас хурууны хээ, ДНХ эсвэл шууд гэрчийн мэдүүлэг олж чадаагүй гэж маргажээ. Өмгөөлөгчид “Умардын урсгал”-ыг иргэний дэд бүтэц биш, харин ОХУ-ын улс төрийн зэвсэг байсан гэж тодорхойлсон байна. Түрэмгийлэгч улсын дэд бүтцийг устгах нь, тэр дундаа хүний амь хохироогүй тохиолдолд олон улсын хуулиар цэргийн хууль ёсны ажиллагаа байх боломжтой гэж тэд үзэж байна. Мөн Кузнецов цэргийн нууцыг хадгалах үүрэгтэй тул шүүх хурал дуустал дуугүй байх эрхээ эдлэх төлөвтэй байна. Одоогоор хэрэгт хамтран оролцсон, гүний шумбагч гэгдэх Украины иргэн Владимир нь Хорват улсад баривчлагдан, Герман руу шилжүүлэх эсэхийг хэлэлцэж байгаа гэж мэдээллээ. Харин хийн хоолойн дэд бүтцийн хамтран эзэмшигч ОХУ-ын Газпром компани шүүх хуралд хохирогч, нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг Германы шүүх албан ёсоор татгалзжээ.