Украины зэвсэгт хүчний байлдааны талбарт ашиглаж буй дронуудын интернет холболтын хурд огцом саарч, цэргийн ажиллагаанд саад учруулж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Украины эрх баригчид интернэт үйлчилгээ үзүүлэгч тэрбумтан Илон Маскийн Старлинк компанийг хиймэл дагуулын сүлжээгээ зориуд саатуулсан гэж буруутгажээ.
Харин лхагва гарагт тэрбумтан Илон Маск Украины зэвсэгт хүчний интернэт сүлжээ доголдсон асуудалд албан ёсны тайлбар өгчээ. Тэрээр интернэтийн хурдны хязгаарлалтын ард АНУ-ын Засгийн газар болон ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа байгааг мэдэгдсэн байна. Тэрбумтан Илон Маск Украины армийн ашиглаж буй цэргийн зориулалттай «sStarshield» системийг АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагон бүрэн эзэмшиж, хянадаг тул холболтын хурд болон ашиглалтын зааг хязгаарлалтыг зөвхөн Вашингтон шийддэг болохыг онцлон мэдэгдлээ.
Украины дунд зайн цохилтын дрон болон ОХУ-ын агаарын довтолгоог замаас нь амдан устгах зориулалттай дронууд цагт 160 км-ээс дээш хурдлах үед интернет нь ямар ч сануулгагүй тасардаг болсон нь фронтын шугамд хүнд цохилт болж байгаа аж.
АНУ-ын засаг захиргаа Украиныг Оросын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний дэд бүтцүүд рүү дроноор цохилт өгөхийг зогсоох, улмаар Москвагийн талтай гал зогсоох хэлэлцээрт оруулахын тулд ийнхүү технологийн шахалт үзүүлж эхэлсэн байх өндөр магадлалтай байна.
Одоогоор Украины тал ердийн «Starlink» сүлжээний хурдыг хэсэгчлэн сэргээлгэсэн ч, цэргийн гол сүлжээ болох «Starshield»-ийн хязгаарлалтыг цуцлуулахаар Пентагонтой хэлэлцээр хийж байна.