УИХ 2026 оны улсын төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Иргэдийн дунд цалин, тэтгэвэр нэмэгдэх хүлээлт үүсгээд байсан энэ оны улсын төсвийн тодотголыг энэ сарын 16-нд УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр энэ өвөл эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж, гал алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байхад 186 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ.

—Ахмад настнуудын тэтгэврийг ирэх 11-р сарын 1-ээс 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Мөн төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарын цалингийн санхүүжилтийг төсөвт тусгасан байна.
—Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 40 мянгаас 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд шаардлагатай 30 тэрбум төгрөгийг эрчим хүч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас хасаж санхүүжүүлэхээр болоод байна.
—Эрчим хүчний салбар туйлдаа хүрч, гал алдах эрсдэлээс сэргийлж, цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ оны өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх үүднээс 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ. Мөн шатахууны импортын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, нийлүүлэлтийн тасалдал, үнийн огцом өсөлтөөс сэргийлэхээр болсон байна. 
—Төрийн өмчит компаниудын хувьд ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэх бөгөөд тэдгээрийн тээвэр, шатахуун, томилолт, зар сурталчилгаа зэрэг зардлыг хязгаарлах юм байна. Ингэснээр нийт 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж, иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах юм байна.

ЗГ-аас 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 57 хоногийн дараа ийнхүү батлагдлаа. Тодруулбал 10-р сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанд оролцсон 101 гишүүний 84 нь энэ оны улсын төсвийн тодголыг дэмжсэнээр төсвийн нийт зарлагыг 33.9 их наяд, алдагдлыг 2 их наяд төгрөг байхаар тогтоожээ. Төсвийн тодотголоор хамгийн их хүлээлттэй байсан ахмад настны тэтгэврийг ирэх сарын 1-ээс нэмэгдүүлэхэд 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянга, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгт хүргэхээр тогтжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 40-168 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Төсвийн тодотголын гол зорилго нь орлого тасарч, алдагдал нэмэгдсэн нөхцөлд зардлыг шинэчлэхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг санхүүжүүлэх байна. Харин УИХ-аар хэлэлцэх явцад төрийн зардлыг танах, төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар маргаан өрнөж, батлах үйл явц удааширсан юм. 

Ийнхүү төсвийн тодотголоор цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нөхцөлд үүсээд байгаа нийгмийн суурь асуудлууд болох эрчим хүч, шатахуун, хүнсний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, төрийн зардлыг танах өөрчлөлтүүдийг УИХ-аас баталлаа.