Төсвийн тодотголыг батлахтай зэрэгцэн УИХ-ын 10-р сарын 16-ны чуулганаар жил гаруй хугацаанд хэлэлцэгдэж, батлагдаж чадалгүй хойшилсоор ирсэн Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталлаа. Тус хуулийн өөрчлөлтөөр электрон тамхи, халаадаг тамхины худалдаа, сурталчилгаа, импорт, никотины агууламжид тавих хяналтыг сайжруулж, тамхины татварыг нэмэгдүүлэхээр болжээ.
Тамхины хяналтын тухай хууль нь анх 1993 онд батлагдсан бөгөөд энэ удаагийн өөрчлөлтөөр электрон болоод халаадаг тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүний зохицуулалтыг нарийвчилж, худалдаа, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Өмнө нь тусгайлан зохицуулалт дутмаг байсан электрон тамхийг хуулийн хүрээнд оруулж буйгаараа онцлог. Ингэснээр бүтээгдэхүүний найрлага, никотины агууламж, худалдаа, сурталчилгаанд тавих шаардлага нэмэгдэж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох боломж бүрдэж байна. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнд татан оруулахад нөлөөлдөг амт, үнэртэй бүтээгдэхүүнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахаар тусгажээ.
ДЭМБ-ын 2025 оны мэдээллээр манай улсын 13–17 насны хүүхдүүдийн 24.8 хувь электрон тамхи хэрэглэж байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний 9 сард 5.5 сая ширхэг электрон тамхи импортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд шинэ зохицуулалт нь хүүхэд, залуусын хэрэглээг бууруулахаас гадна өсөн нэмэгдэж буй зах зээлд хяналт тавихад чиглэж байна. Харин татварын хувьд ирэх оны 1-р сарын 1-ээс үнэр, амт оруулсан, гаатай тамхин төрлийн бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхээр болжээ. Тус татварын өөрчлөлт нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болох ч яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь татварын хэмжээ, худалдааны нөхцөлөөс хамаарах байна.
Манай улсад тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар жилд 4 мянга 300 орчим иргэн нас барж, эдийн засгийн алдагдал 801 тэрбум төгрөгт хүрдэг гэсэн тооцоо бий. Ийм нөхцөлд хуулийн өөрчлөлт нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ач холбогдолтой ч жил гаруй хугацаанд шийдэгдээгүй нь хууль тогтоох үйл явц удааширсныг харуулж байна. Иймд хуулийн заалтуудыг бодитой хэрэгжүүлж, худалдааны хяналтыг сайжруулан, хүүхдүүдийн дунд тамхины хэрэглээг бууруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид онцолсон юм.