Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд гэрлэлтийн тоо буурах хандлагатай байна. Үүнтэй зэрэгцэн жилд 4500–4800 орчим гэр бүл шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулж байна. Үүн дээр шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй боловч тусдаа амьдарч байгаа хосуудын тоог нэмж тооцвол гэр бүл салалтын бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай юм. Тэгвэл гэр бүл салалтад эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлт нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Инфляцын өсөлтийн улмаас өрхийн амьжиргааны зардал нэмэгдэж, санхүүгийн дарамт үүссэнээр гэр бүлийн гишүүдийн хооронд маргаан, үл ойлголцол нэмэгдэж байгааг судлаачид онцоллоо.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 онд улсын хэмжээнд 16.118 гэрлэлт бүртгэгдсэн бол 2022 онд 17.574 болж өссөн байна. Харин 2023 онд 17.408 болж бага зэрэг буурч, 2024 онд 14.225, 2025 онд 12.582 болж тасралтгүй буурсан байна. Үүнээс харахад 2021 онд бүртгэгдсэн гэрлэлтийн тоог 2025 онд бүртгэгдсэн гэрлэлтийн тоотой харьцуулахад 21.9 хувиар буурсан байна. Гэрлэлтийн тоо буурах хандлагатай байгаа энэ үед гэр бүл цуцлалтын тоо нэмэгджээ. Тухайлбал 2021 онд 3391 гэр бүл цуцалсан бол 2022 онд 4553, 2023 онд 4776 болж өссөн байна. Улмаар 2024 онд 4463 болж буурсан ч 2025 онд 4493 болж дахин нэмэгджээ. Ийнхүү 2021–2025 оны хооронд гэр бүл цуцлалтын тоо 32.5 хувиар өссөн байна. Иргэдийн зүгээс гэр бүл салалтад олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эдийн засгийн хүндрэл голчлон нөлөөлж байна гэдгийг хэлж байна.
Гэр бүл салалтыг макро болон микро түвшинд авч үздэг байна. Микро түвшний хүчин зүйлд хосуудын харилцаа, үзэл бодлын зөрүү, харилцан ойлголцол, итгэлцэл болон гэр бүлийн дотоод уур амьсгал зэрэг багтдаг. Харин макро түвшний хүчин зүйлд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, ажилгүйдэл, амьжиргааны өртөг, төрөөс хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн бодлого болон гэр бүлийг дэмжих тогтолцоо зэрэг өргөн хүрээний хүчин зүйлс хамаардаг байна. Манай улсад гэр бүл салалт өндөр байгаа нь макро түвшний хүчин зүйлстэй холбоотой гэдгийг гэр бүл судлаач онцолж байна. Тухайлбал инфляц, өрхийн орлогын хүрэлцээгүй байдал болон нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөл байдал нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болжээ. Түүнчлэн гэр бүлд чиглэсэн төрийн бодлого, санхүүгийн дэмжлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн боловсролын үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа нь гэр бүл салалтад нөлөөлж байгааг хэллээ.
Иймээс гэр бүл салалтыг бууруулахын тулд төрөөс нийгэм, эдийн засгийн чиглэлээр үр дүнтэй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх нь чухал байна. Тухайлбал ажилгүй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, дундаж орлоготой айл өрхүүдийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон бусад санхүүгийн дэмжлэгт хамруулах шаардлагатай. Учир нь өрхийн эдийн засгийн тогтвортой байдал нь гэр бүлийн амьдралын чанар, харилцаанд чухал нөлөө үзүүлдэг. Хэрэв дундаж орлоготой өрхүүдийн амьжиргааны нөхцөл доройтож, эдийн засгийн дарамт нэмэгдсээр байвал нийгмийн дундаж давхарга хумигдаж, орлогын тэгш бус байдал улам нэмэгдэх эрсдэлтэй гэлээ.
Түүнчлэн гэр бүл салалтыг бууруулахын тулд зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарах бус, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг давхар хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тухайлбал гэр бүл зохиох, хосуудын харилцаа, харилцан ойлголцол, үүрэг хариуцлага, зөрчилдөөнийг зөв зохистой шийдвэрлэх талаарх сургалтыг боловсролын системд илүү өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулах нь хэрэгтэй бөгөөд сүүлийн үеийн залуусын харилцаанд харилцан ойлголцол, тэвчээр, хариуцлагатай байдал дутагдах тохиолдол их ажиглагдаж байгааг судлаачид хэлж байна. Гэр бүл зохиох нь зөвхөн хамт амьдрах шийдвэр төдий бус, харин бие биенээ хүндэтгэх, харилцан дэмжих, үүрэг хариуцлагаа ухамсарлах, аливаа бэрхшээлийг хамтдаа даван туулахыг шаарддаг урт хугацааны хариуцлагатай харилцаа юм. Иймээс залуусыг гэр бүлийн амьдралд урьдчилан бэлтгэх, харилцааны зөв хандлага, тэсвэр тэвчээр, хариуцлагыг төлөвшүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг гэр бүл судлаачид онцолж байна.