Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын гаргасан шийдвэрийг шүүмжилж, Доналд Трампыг түүхийн буруу талд зогслоо хэмээн мэдэгдлээ. Тэрээр Украин улс АНУ-ын дэмжлэгийг алдаж, геополитикийн хувьд хүнд нөхцөл байдалд орж байгаа ч ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон дроны цохилтоо эрчимжүүлэхээ онцолсон байна.
Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын ОХУ-ын удирдагч Владимир Путинтай байгуулсан тохиролцоонд гүнээ харамсаж, Вашингтоныг түүхийн буруу талд зогсож, Украин улсаас урвасан хэмээн хурцаар шүүмжиллээ.
Тэрээр Их Британийн сэтгүүлч Пирс Моргантай хийсэн ярилцлагадаа Трампын шийдвэр Украин улсад хүнд тусаж байгаа төдийгүй Киев Вашингтон гэх хамгийн найдвартай стратегийн түншээ алдахад хүрээд байгааг анхааруулсан байна.
Ийнхүү хоёр улсын харилцаа эрс хөндийрөх болсны гол шалтгаан нь ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сард болох завсрын сонгуулийн өмнө шатахууны үнийг буулгах зорилгоор ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо сулруулж, Москвагаас их хэмжээний дизель түлш худалдан авах хэлэлцээр байгуулсантай холбоотой юм.
Мөн Трампын засаг захиргаа Украины армийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоохыг шаардаж, эс бөгөөс цэргийн тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсооно гэж сүрдүүлсэн юм. Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар Украины армийн дроны цохилтдоо ашиглаж байгаа хиймэл дагуулын сүлжээний хурдыг хязгаарлаж, дохиог сарниулж эхэлжээ.
Пүрэв гарагт Зеленский "Үнэндээ бид урвалт мэдэрч байна. Трамп манай талыг биш, өөр талыг сонгож байгаад үнэхээр харамсалтай байна. Бид улс орноо зарж байгаа хэрэг биш, энэ бол бидний амьдрал. Харамсалтай нь бид хүчирхэг түншээ алдаж байна" хэмээн хэлжээ.