Олон улсын валютын сангаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн шинэчилсэн таамаглалаа танилцууллаа. Тэгвэл тус тайланд Япон улс ирэх 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Энэтхэг болон Их Британи улсуудад гүйцэгдэж, чансаагаараа дэлхийд 6-р байр хүртэл ухрах төлөвтэй буйг анхааруулжээ.
ОУВС-ийн "Дэлхийн эдийн засгийн төлөв байдал" тайланд дурдсанаар, Японы Номинал ДНБ 2026 онд 4.34 их наяд ам.доллар, 2027 онд 4.46 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гэвч энэ хугацаанд Энэтхэг улс дотоодын хүчтэй эрэлт, үйлчилгээний салбарын огцом өсөлтөд тулгуурлан эдийн засаг нь жил бүр багадаа 7 хувиар тэлж, 2027 онд ДНБ-ээ 4.52 их наяд ам.долларт хүргэн 4-р байр хүртэл ахих хүлээлттэй байна. Мөн хугацаанд Их Британи улс 4.48 их наяд ам.доллароор тавдугаар байрт бичигдэж, Япон улсыг ардаа орхих нь тодорхой болжээ.
Ийнхүү Япон улсын эдийн засгийн өсөлт саарах болсон хамгийн гол шалтгаан нь ам.долларын эсрэг иений ханш түүхэн доод түвшиндээ хүрч суларсантай шууд холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. ОУВС энэхүү тооцооллыг хийхдээ 1 ам.доллар = 158 иен байх ханшийн харьцаан дээр суурилсан бөгөөд японы дотоод эдийн засаг иенээрээ өсөж байгаа ч ам.доллароор хөрвүүлэх үед нийт үнэлгээ нь асар ихээр буурч байгаа нь харагдаж байна. Үүнээс гадна Японы эдийн засгийн бодит өсөлт ирэх жилүүдэд ердөө 0.7 хувьтай байхаар маш удаан, зогсонги төлөвтэй байгаа төдийгүй хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдол нь бүтээмжийг огцом өсгөхөд маш том тээг болж байна. Дашрамд дурдахад, Япон улс 2023 онд Герман улсад байр сууриа алдан дөрөвдүгээр байрт бичигдэж байсан бол ийнхүү дахин хоёр байраар ухрах эрсдэлтэй нүүр тулаад байна.