БНФУ-ын ерөнхийлөгч Э.Макрон ард иргэдээ тайван байхыг уриалж, үймээний улмаас учирсан хохирлыг тооцож буйгаа мэдэгдлээ

Өнгөрсөн 9-р сард Францын сурагчид болон оюутнууд боловсролын салбарын хямрал, төсвийн таналт, сургуулиудын дэд бүтэц болон хүний нөөцийн дутагдлыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан нь эцэстээ өргөн хүрээг хамарсан үймээн самуун болон  хувирчээ. Үүнтэй холбогдуулан ням гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ард иргэдээ тайван байхыг уриалж, үймээн самууны улмаас учирсан хохирлын хэмжээг тооцоолж байгаа гэж мэдэгджээ. 

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэйг дурдаад, олон нийтийн болон хувийн өмчийг сүйтгэх нь ямар ч тохиолдолд уучлах аргагүй гэмт хэрэг болохыг хатуу сануулсан юм. Тэрбээр “Эдгээр дүр зургийг хараад бид бүгд “Тэд юу бодож ийм зүйл хийв ээ? Францын иргэд яаж өөрийн улсдаа ингэж хандаж чадаж байна аа гэж өөрсдөөсөө асуусан. Үүнийг юу ч зөвтгөхгүй, юу ч тайлбарлахгүй, бас уучлахгүй. Өнөөдөр бид бүгд уур хилэн, ичгүүрийг мэдэрч байна” гэж хэллээ. 

Тэгвэл Эммануэль Макроны засгийн газар өнгөрсөн 9-р сард эхэлсэн боловсролын салбарын суурь асуудлуудыг тухайн үед нь анхаарч, шуурхай шийдэл гаргалгүй хугацаа алдсан нь жагсаал даамжрах үндэс болсон гэж шинжээчид үзэж байна. Боловсролын төсвийг инфляцын түвшнээс багаар буюу хангалтгүй хэмжээгээр нэмсэн нь амьжиргааны өртөгт туйлдсан иргэдийг улам өдөөж, сурагчдын жагсаал бүх нийтийг хамарсан эдийн засгийн том эсэргүүцэл болон хувирах шалтгаан болжээ. Эрх баригчид жагсагчид болон үйлдвэрчний эвлэлүүдтэй эрт үе шатанд нь үр дүнтэй зөвшилцөж чадаагүйгээс үүдэн тэмцлийн удирдлага хэт даврагч бүлгүүдийн гарт орж, хотууд түүхэн хэмжээний сүйтгэл хүлээхэд хүрчээ. 

Өдгөө Францын ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн засгийн газар улсын асар их өрийг дарахын тулд 60 гаруй тэрбум еврогийн төсвийн таналт, хэмнэлтийн горим бүхий 2027 оны төсвийн төслийг өргөн бариад байна. Энэхүү төсвийн хуулийн эцсийн санал хураалт үндэсний ассамблей удахгүй болох юм. Хэрэв парламент төсвийг батлахгүй бол засгийн газар огцрох, улмаар Франц улс олон улсын валютын сангаас тусламж хүсэх хэмжээний санхүүгийн гүн хямралд орох эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхаарууллаа. 

Өнгөрсөн долоо хоногт гарсан үймээн самууны үеэр 143 жилийн түүхтэй Лимож хотын захиргааны байр шатаж, бараг бүрэн сүйрсэн нь эсэргүүцлийн арга хэмжээ ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна. Хууль сахиулагчид улс орны хэмжээнд 2,000 гаруй хүнийг баривчлан саатуулаад байгаа ч нийгмийн уур амьсгал туйлын тэсрэмтгий хэвээр байна. Харин ирэх 2027 онд Франц улсад ерөнхийлөгчийн сонгууль болох юм.