АН бүлэг: Оюутолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлаар УИХ-ын тогтоол санаачилна

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр олгох зохицуулалт одоогийн хуульд байхгүй, баялгийн сангийн тухай хуулийн дагуу хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан гэж УИХ-ын гишүүн, сангийн сайд З.Мэндсайхан мэдээлж байсан. Харин АН-ын бүлгийн зүгээс засгийн газар ногдол ашгийг төсвийн алдагдал нөхөх, хэрэгжих боломж муутай төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөчхөөд санал асуулга явуулж байгаа нь учир дутагдалтай гэж үзээд байна. Учир нь Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгохоос гадна хувьцаа эзэмшүүлэх боломжийг нээх хэрэгтэй гэсэн юм. Тухайлбал, нэг иргэнд 10 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшүүлж, цаашид ногдол ашиг хүртэх эрхтэй болгох нь иргэдэд байгалийн баялгийн өгөөжийг хүртээх урт хугацааны шийдэл гэж үзэж байна. Мөн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, энэ асуудлаар УИХ-ын тогтоол санаачлахаа мэдэгдлээ. 

Харин УИХ дахь Хүн намын зөвлөлийн хувьд Оюутолгойн ногдол ашгийн асуудлаар одоогоор хэлэлцээгүй байна. Харин ирэх оны төсвийн өөрчлөлтийг гадаадын дайны нөхцөл байдал, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг эдийн засгийн хүндрэлтэй холбон тайлбарлалаа. Иймд дотоодын зах зээлээ хамгаалж, иргэдийн орлогыг бууруулахгүй байх шаардлагатай гэж үзэж байна.

Ирэх оны төсвийн өөрчлөлтөөр эмч, багш болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 850 тэрбум төгрөг, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр иргэдийн орлогыг хамгаалахад нэг их наяд гаруй төгрөг зарцуулах бол эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах, цаашид экспортлох суурь нөхцөлийг бүрдүүлэхэд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна. Хүн намын зөвлөлийн байр суурь нь эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төсвийн хөрөнгийг чиглүүлэх нь зүйтэй гэсэн юм.