“Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 13 сарын дараа буюу өнгөрсөн баасан гарагт баталлаа. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь эрх зүйн зохицуулалтгүй байсан электрон тамхинд ердийн тамхитай адил түвшний хяналт, хориг, зохицуулалт үйлчлэхээр болжээ.
ДЭБМ-ын 2025 оны мэдээллээр манай улсын 13–17 насны хүүхдүүдийн 24.8 хувь электрон тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2026 оны эхний 9 сард 5.5 сая ширхэг электрон тамхи импортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт гэсэн байна. Иймд шинэ зохицуулалт нь хүүхэд, залуусын хэрэглээг бууруулахаас гадна өсөн нэмэгдэж буй зах зээлд хяналт тавихад чиглэжээ.
Манай улсад тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар жилд 4 мянга 300 орчим иргэн нас барж, эдийн засгийн алдагдал 801 тэрбум төгрөгт хүрдэг гэсэн тооцоо байна. Ийм нөхцөлд хуулийн өөрчлөлт нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ач холбогдолтой ч зарим талаар далд бизнес цэцэглэж гарал үүсэл нь тодорхойгүй хууль бус тамхийг сонгож болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, амт, үнэр оруулсан болон гаатай тамхийг хориглох нь эсрэгээрээ хууль бус тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх магадлалтай гэж иргэд үзэж байна.
Хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангахын тулд худалдааны цэгүүдэд тавих хяналтыг сайжруулж, хууль бус тамхины импорт, борлуулалтыг таслан зогсоох нь чухал болж байна. Эс бөгөөс хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалах зорилготой энэхүү зохицуулалтын үр нөлөө буурах эрсдэлтэй. Иймд иргэдийн зүгээс хуулийн хэрэгжилт, хяналтын үр дүнг цаг хугацааны явцад ажиглаж, үр дүнг нь бодитой үнэлэх шаардлагатай гэж үзэж байна.