НХОГ: Гүйцэтгэгч компаниудын хөрөнгийн асуудлаас болж Сэлбэ голын тохижилтын ажил хойшилж байна

2023 онд Сэлбэ голын үерийн дараа эхлүүлсэн дунд голын эхээс Натурын гүүр хүртэлх 1.4 километр үерийн хамгаалалтын ажил өнгөрсөн оны 9-р сард дууссан ч дагалдах тохижилтын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй байна. Нийслэлийн төсвөөс үерийн түшиц хана, урсац тохируулгын ажилд 20 тэрбум, тохижилтын ажилд 6.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд явган болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн ажлыг энэ оны 6-р сард дуусгахаар төлөвлөсөн ч хугацаа хойшилж, 10-р сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болсныг албаныхан мэдээлж байсан. Гэвч өнөөдөр буюу 10-р сарын 19-ний өдрийн байдлаар тохижилтын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа бөгөөд дуусгах хугацааг ирэх сарын эхэн үе хүртэл дахин хойшлуулсныг албаныхан мэдээллээ. 

Тус тохижилтын ажилд нийслэлийн төсвөөс 6.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, энэ нь  татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжиж буй  иргэдийн нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах зорилготой ажил юм. Тухайн ажил нь өнгөрсөн  6-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зам засварын гүйцэтгэл бүрэн дуусаагүй учир  өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Иргэдийн хэлж буйгаар  цаг агаарын нөхцөлөөс үүсэж тохижилтын ажил сүүлийн хэдэн өдөрт  тасалдаж  хоёр хоногт ажилчид  зам талбай дээр ажиллаж байна гэлээ.  Мөн өвлийн улирал эхэлж, газар хөлдөхөөс өмнө явган хүн болон дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн дуусгаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэвээр байна. Түүнчлэн замын ажил хугацаандаа дуусаагүйгээс үүдэж явган хүний замд шат, хөндий зай зэрэгт  зорчиход хүндрэлтэй хэсгүүдээс болж өндөр настай иргэд халтирч, бэртэх дөхсөн тохиолдлууд ч гарсан байна. 

2023 оны үерийн дараа нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг зарцуулж, үерийн түшиц хана болон урсгал тохируулгын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард хүлээлгэн өгсөн. Тэгвэл  үүний дараа хийхээр төлөвлөсөн орчны тохижилтын ажлыг “Силла групп” хариуцан гүйцэтгэж байгаа ч өнөөдрийг хүртэл төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадаагүй байна.  Дунд голын эхээс Натурын гүүр хүртэлх 1.4 километр талбайд хийж буй тохижилтын ажил хойшилсон шалтгааныг Нийслэлийн засаг даргын тамгын газраас тодруулахад, холбогдох байгууллагуудын хоорондын хөрөнгийн зохицуулалт, үл ойлголцлын асуудлаас үүдэн ажил удааширсан гэдгийг хэлж байна. Тэгвэл Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хариуцлагын асуудлыг хөндөж, хугацаандаа ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компани, албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Уг асуудалд Сэлбэ голын удааширсан замын ажил ч мөн хөндөгдөж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар  ажлын гүйцэтгэл 85–90 хувьтай үргэлжилж  байгаа бөгөөд тохижилтын ажлыг ирэх 11- сарын эхэнд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгааг мэдээллээ.