ЗГ: 2027 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41.3 их наяд, зарлага 43.6 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг байна

Төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр буурах тооцоо гарсан тул Засгийн газар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж, төсвийн зарлагад тавьсан хязгаарлалтыг сулруулах хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Ингэснээр Оюу толгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тооцсон орлогыг төсөвт төвлөрүүлж, эрчим хүч, дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Гэвч ногдол ашгийн орлого бодитоор төвлөрөх эсэх, түүнийг тооцож төсвийн зарлагын дээд хязгаарыг нэмэгдүүлэх нь төсвийн сахилга батад хэрхэн нөлөөлөх талаар УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна. 

Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Татвар, нийгмийн даатгалын хуульд оруулсан өөрчлөлтөөс шалтгаалан төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ өмнө баталсан дүнгээс 1 их наяд төгрөгөөр буурахаар тусгажээ. Тиймээс төсвийн орлого, зарлага болон дунд хугацааны үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай гэж Засгийн газраас үзсэн байна. Төслийн гол зохицуулалт нь ногдол ашгийн орлого, орон нутгийн үнэт цаас болон өмнөх оны төсвийн үлдэгдлээс шалтгаалан нэмэгдэх орлогын хэмжээгээр нэгдсэн төсвийн зарлагын дээд хязгаарыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх юм. Ингэхдээ уг нэмэгдэлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байхаар тусгажээ. 

Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн орлогын тооцоолол, зарлагын өсөлтөд эрсдэл байгааг анхаарууллаа. Тус зөвлөлийн дүгнэлтээр төсвийн тэлэлт инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй бөгөөд Оюутолгойн ногдол ашгийн орлого төлөвлөсөн хэмжээнд төвлөрөх эсэх нь төсвийн хэрэгжилтэд чухал нөлөөтэй гэсэн юм. Харин Засгийн газрын тооцооллоор 2027 онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41.3 их наяд, зарлага 43.6 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Үүн дээр Оюутолгойгоос авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгаас 1 их наядыг хуримтлалын санд, үлдсэн 2 их наядыг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

Пкж: УИХ-ын төсвийн болон эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон УИХ-ын зарим гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ойр ойрхон өөрчлөх нь оновчтой эсэх, төсвийн зарцуулалтад сахилга баттай хандаж, урт хугацаанд тогтвортой төлөвлөх шаардлагaтай гэж шүүмжилж байгаа юм. Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.