НЕБ-ын 34-р сургууль танхим, цахим хосолсон хэлбэрээр сургалтаа явуулж, 3 ээлжээр хичээллэж байна

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт тулгамдаж буй хамгийн том асуудлуудын нэг бол сургууль, анги танхимын хүртээмжгүй байдал юм. Жил бүр үүсдэг уг асуудал өнөө ч үргэлжилсэн хэвээр байна. Тухайлбал нийслэлийн хэд хэдэн сургууль хичээлийн гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд хүүхдийн сурч боловсрох үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байна. НЕБ-ын 34-р сургууль л гэхэд 6300 гаруй сурагчтай. Тухайн сургууль анги танхимын хүрэлцээгүй байдлаас үүдэж 3 ээлжээр хичээллэж байгаагаас гадна танхим цахим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, тэр дундаа Яармаг орчимд орон сууцны хорооллууд замбараагүй босож, бетонон ширэнгэ үүссэн ч төрөөс сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг нь хамтад нь шийдэж чадаагүй. Үүний уршгаар өнөөдөр төрийн өмчийн сургуулиуд ачааллаа дийлэхээ байж, хүүхдийн сурч боловсрох үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байна. Энэхүү тогтолцооны хамгийн бодит дүр төрхийг НЕБ-ын 34-р сургуулиас харж болохоор байна. Тус сургуулийн хамран сургах тойргийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнээр анги танхим хүрэлцээгүй болж улмаар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах болжээ. Өдгөө Хан-Уул дүүргийн 4, 5, 23, 24-р хорооны 6300 гаруй сурагч тус сургуульд суралцаж байгаа юм. Хүүхдийн даац хэтэрсэн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан 3 ээлжээр хичээллэж байгаагаас гадна танхим, цахим хосолсон байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж сурч боловсрох эрхийг нь эдлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байна.

Тухайн сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 960 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийг 9-р сарын 15-аас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байсан ч 11-р сарын 15 хүртэл хойшдлогджээ. Энэ нь 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.  Мөн сургуулийн барилгын багтаамж, хэт ачааллыг зохицуулахаар танхим болон цахим хосолсон сургалтын хэлбэрийг нэвтрүүлсэн байна. Үүнээс 8-11-р ангийн сурагчдыг танхим, цахимаар хослуулан хичээллүүлж буй шийдвэр нь эцэг эхчүүдийн зүгээс хамгийн их шүүмжлэлийг дагуулж байсан юм. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид нь ирээдүйн мэргэжил сонголт хийх, ЭЕШ-д бэлтгэх, суурь мэдлэгийг баттай эзэмших хамгийн хариуцлагатай насан дээрээ яваа юм. Гэтэл 7 хоног танхимаар хичээллүүлж 7 хоног цахимаар хичээллүүлж байгаа нь хичээлийн хоцрогдолд орох, мэдлэгээ бүрэн авч чадахгүйд хүрнэ гэдгийг хэлж байсан. 

Хэдийгээр 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орсноор өнөөдрийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой ч энэ нь түр зуурын шийдэл болохыг судалгаанууд анхааруулж байна. Боловсролын салбарын судалгаанаас үзэхэд бага боловсролын буюу 1-5-р ангийн сурагчдын тоо харьцангуй тогтворжиж байгаа ч 2030 он хүртэл дунд болон ахлах ангийн сурагчдын тоо тасралтгүй өсөх төлөв гарчээ. Энэхүү өсөлт нь урт хугацааны шийдэл нэн шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс боловсролын салбарын хөрөнгө оруултыг хүн амын механик өсөлт, сургуулийн насны хүүхдийн нарийвчилсан тооцоололтой уялдуулах ёстой. Цаашид шинэ сургууль барих, сургалтын орчныг өргөжүүлэх ажлыг газар олголтоос нь эхлээд төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь чухал хэвээр байна. Учир нь хүүхэд бүрийн сурч боловсрох эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн өнөөдрийн ачааллыг бууруулах бус, ирээдүйн хэрэгцээг урьдчилан тооцсон тогтвортой шийдэл шаардлагатай юм.