Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг эцэслэх энхийн хэлэлцээнд Володимир Зеленськийгээс өөр хүн оролцох хэрэгтэй хэмээх байр суурийг илэрхийллээ. Тэрээр ОХУ-ыг хориг арга хэмжээгээр боомилж, булан руу шахаад байвал Москва хэлэлцээнээс татгалзаж, түрэмгийллээ эрчимжүүлж болзошгүйг ч санууллаа.
Даваа гарагт Доналд Трамп "Магадгүй Зеленський хэлэлцээ хийх өөр хэн нэгнийг томилох цаг нь болсон байх" гэж хэлжээ. Мөн саяхан тэрбээр Украин улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах цаг нь болсон гэж мэдэгдсэн юм. Цаашилбал Доналд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийг дайныг зогсоох хэлэлцээнээс татгалзаж, энх тайванд хүрэх замд саад тотгор болж байна гэж буруутгасан юм.
Үүнээс гадна Трамп даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун, тайван байгааг тэмдэглэжээ. Тэрээр хэрэв АНУ-ын Засгийн газраас тохиромжтой нөхцөл санал болговол Москва дайныг зогсоох хэлэлцээний ширээнд суухад бэлэн гэж тайлбарласан байна. Мөн даваа гарагт Трамп оросыг хэлэлцээрийн ширээнээс үргээхгүйн тулд Москваг онилсон зарим хориг арга хэмжээг түр цуцлах шийдвэрээ хамгаалсан мэдэгдэл цахим хуудастаа оруулжээ.
Түүнчлэн АНУ Украиныг тагнуулын мэдээллээр үргэлжлүүлэн хангаж байгааг ерөнхийлөгч Трамп баталсан байна. Үүний зэрэгцээ тэрээр дайн дуусах хүртэл нэгдсэн улсад оршин сууж буй украинчуудад түр хамгаалалтад байх статус олгох асуудлыг авч үзэхээ мэдэгджээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч тагнуулын мэдээлэл солилцоо зогсоогүйг баталсан байна.