И.Маск Украины армийн ашиглаж буй “Starlink” сүлжээний хурдыг хязгаарлах тушаал өгч, дроны довтолгоог саатуулжээ

АНУ-ын тэрбумтан, “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск Украины зэвсэгт хүчний ашигладаг цэргийн зориулалттай “Starshield” системийн хурдыг хязгаарлах тушаал өгсөн талаар өрнөдийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Уг шийдвэр нь энэ сарын 14-ний өдрөөс урьдчилан сануулалгүйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Украины армийн дроны довтолгоо болон агаарын хамгаалалтын хүчин чармайлтыг сулруулаад байна.

Илон Маск болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар Украины арми ОХУ-ын  газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилон довтолж буйд туйлын сэтгэл дундуур байсан тул интернэт сүлжээг хязгаарлах шийдвэр гаргасан гэж Уолл Стрийт журнал сонинд мэдээллээ. 

Ерөнхийлөгч Д.Трамп Украины дроны довтолгооны уршгаар дэлхийн эрчим хүчний үнэ өсөж байна гэж буруутгаж, Володимир Зеленськийд "Боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоо" гэж анхааруулж байсан юм. Үүний дараа Илон Маск цахим хуудаснаа "Зеленский улаан шугамыг хэтэрхий давж байна” гэж мэдэгдсэнийхээ дараа Украины армийн интернэтийн хурдыг хязгаарлажээ. 

Интернэтийн удаашралыг даган Украины армийн хөөргөж буй дроны хурд цагт 130-160 км-ээс доош болсон төдийгүй ийм хэмжээний хурдтай дроныг Оросын зэвсэгт хүчин амдан устгах бүрэн боломжтой гэж цэргийн шинжээчид хэлж байна. Харин Украины хувьд Оросын дронуудыг замаас нь барьж устгах үүрэгтэй интерцептор дронуудынх нь холбоо тасарч, үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрчээ. Украины албаныхан энэхүү хязгаарлалтын улмаас Оросын пуужингууд тэдний агаарын хамгаалалтыг нэвтэрч чадсан гэж үзэж байгаа бөгөөд үйлчилгээг яаралтай хуучин хэвэнд нь оруулахгүй бол олон иргэн амь үрэгдэхийг анхааруулсан байна.

Тэрбумтан Илон Маск цахим хуудастаа “Би буруугүй, интернэтийн саатлыг төр засаг мэднэ" гэж хуурамч баг зүүсэн ч, бодит байдал дээр Украины дроны дайралтыг зогсоохын тулд тэрээр Д.Трампын багийнхантай хуйвалдаж, өөрөө гардан уг шийдвэрийг гаргасан нь ил болж байна.