БНСУ Украин дахь Элчин сайдын яамны зарим ажилтнуудаа татаж, хоёр улсын дипломат маргаан улам хурцадлаа

Мягмар гарагт БНСУ-ын гадаад хэргийн яамнаас тус улсын засгийн газар Украин дахь элчин сайдын яамныхаа нийт бие бүрэлдэхүүний тэн хагас буюу тодорхой хэсгийг эргүүлэн татах шийдвэр гаргаснаа зарлалаа. Уг алхам нь Хойд Солонгосын олзлогдсон цэргүүдийг нууцаар шилжүүлэн өгсөн асуудлыг Украины тал ил тод зарласнаас үүдэлтэй юм. 

Энэ нь БНСУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй хоёр дахь шатны томоохон дипломат эсэргүүцэл болж байна. Тус улсын гадаад хэргийн яамнаас өмнө нь  элчин сайд Пак Ки Чаныг эргүүлэн татаж, Киевийн эрх баригчдад албан ёсны байр сууриа олон сувгаар хүргэсэн боловч Украины талаас ямар нэгэн бүтээлч хариу үйлдэл үзүүлээгүй, уучлалт гуйгаагүй тул ийнхүү дипломат төлөөлөгчийн газрынхаа орон тоог цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэж мэдээллээ. 

Мөн Украины нутаг дэвсгэрт Оросын агаарын цохилтын аюул тасралтгүй үргэлжилж байгаа нь ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад хүндрэл учруулж буйг нэмэлт шалтгаан болгон дурдсан байна. БНСУ-ын тал элчин сайдын яамныхаа үйл ажиллагаагаа консулын түвшинд үргэлжлүүлэн ажиллуулах бөгөөд Украин улсад байгаа өөрийн иргэдийг хамгаалах үүргийг бүрэн хариуцахаа мэдэгдэлдээ дурджээ.

Хоёр орны харилцаанд ан цав үүсгэж буй гол шалтгаан нь  өнгөрсөн сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс Украины талд олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгос руу шилжүүлсэн талаар олон улсад нээлттэй мэдээлснээс эхлэлтэй юм. Өмнөд Солонгосын засгийн газар уг ажиллагааг олзлогдсон цэргүүд болон тэдний Хойд Солонгост үлдсэн ар гэрийнхний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс чанд нууцлах хатуу тохиролцоог Киевийн талтай анхнаасаа хийсэн байсан хэмээн мэдэгдэж байгаа.

Мөн Украиныг итгэл эвдсэн хэмээн буруутгаж байна. БНСУ-ын зүгээс Украин улсаас албан ёсны тайлбар, уучлалт гуйх болон ийм үйлдэл дахин давтагдахгүй байх баталгааг шаардсан боловч Зеленскийгийн ажлын албанаас талууд нууцлалын гэрээ байгуулаагүй гэж няцааснаар маргаан улам гүнзгийрчээ. 

Украины гадаад хэргийн яамнаас дипломат арга замыг сэтгэл хөдлөлөөс дээгүүр тавьж, "Бүтээлч хэлэлцээ хийхэд бэлэн" байгаагаа илэрхийлж байсан ч БНСУ-ын тал энэ удаагийн ажилтнуудаа татах шийдвэрээрээ Киевийн байр суурийг хангалтгүй гэж үзэж байгаагаа харууллаа.