Энэ лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын засгийн газрын тусгай элч Стив Виткоффтой Санкт-Петербург хотноо уулзлаа. Уулзалтын дараа АНУ болон Украиныг оролцуулсан гурван талт энхийн хэлэлцээг сэргээх саналыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос, Украин, АНУ-ын техникийн түвшний гурван талт хэлэлцээг ирэх 11-р сарын 10-аас хойш Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод зохион байгуулахыг зарчмын хувьд зөвшөөрчээ. Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивд өрнөж буй хамгийн том цуст мөргөлдөөнийг бүрэн зогсоож, мухардлаас гарахын тулд зөвхөн техникийн бус, удирдагчдын түвшний дээд хэмжээний уулзалт шаардлагатай гэж үзэж байна.
Санкт-Петербургийн эзэн хааны ордонд АНУ-ын засгийн газрын тусгай элч Стив Виткофф ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй 9 дэх удаагаа биечлэн уулзлаа. Хэлэлцээний үеэр Оросын тал сайн санааны илэрхийлэл болгож тус улсад хоригдож байсан АНУ-ын иргэн, тэтгэвэртээ гарсан багш Стивен Хаббардыг сулласан байна. Доналд Трамп Украины дайныг 24 цагийн дотор дуусгана гэж анх мэдэгдсэний хоёр жилийн ойн өдөр Стив Виткофф, Путин хоёрын хэлэлцээ болжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ирэх 11-р сард болох гурван талт хэлэлцээ нь дайн дууссаны дараа Украин, Оросын аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах тал дээр төвлөрөх болно гэж мэдэгдлээ. Хаалттай хаалганы цаана 3 цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа В.Путин Оросын цэргийн давуу талыг сайшаагаад, дайн зогсох үндсэн тохироог дахин санууллаа. Тэрбээр "Украины цэргүүд гол бүс нутгууд дахь өөрсдийн байр сууриас бүрэн ухарсан цагт л Украинд байлдааны ажиллагаа зогсоно. Хэрэв тэгэхгүй бол Оросын зэвсэгт хүчин өөрийн зорилгоо цэргийн хүчээр биелүүлэх болно" гэж мэдэгджээ
Уулзалтын үеэр Владимир Путин АНУ хоригоо сулруулж, талууд дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрснийг дурдсан юм. Тэрбээр уг шийдвэр зарлагдсаны дараа дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ даруй 5-аас дээш хувиар буурсныг онцлон тэмдэглэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр "Орос улс АНУ-ын бордооны хэрэгцээг бүрэн хангаж чадна. Гэхдээ санхүүгийн бүрэлдэхүүн хэсэг буюу төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх боломжийг АНУ хангах ёстой" гэж анхааруулсан. Оросын банкнууд Swift системээс хасагдсан хэвээр байгаа тул Трамп Оросын дизель, бордоог авахын тулд АНУ-ын санхүүгийн зарим хоригийг улам сулруулах шаардлага тулгарч байна . Үүнээс гадна Путин ирэх 11-р сард болох Апек-ийн дээд түвшний уулзалтын үеэр ерөнхийлөгч Доналд Трамптай биечлэн уулзах санал гаргажээ.