Тэтгэврийн тогтолцооны гажуудлыг засах, зөрүүг арилгах асуудал үе үеийн парламент, засгийн газрын түвшинд хэлэлцэгддэг ч төсөв, санхүүгийн боломжоос шалтгаалан хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Одоогийн байдлаар Монгол улсын нийт тэтгэвэр авагчдын 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 769,000 төгрөг авдаг бөгөөд энэ нь инфляц, үнийн өсөлтийн дарамтыг даахад хангалтгүй байна. Иймд ахмадууд жил гаруй хугацаанд тэтгэвэр нэмэгдүүлэх жагсаал зохион байгуулж байсан бол ийнхүү ирэх сарын 1-ээс эхлэн тодорхой хэмжээнд тэтгэвэр нэмэгдэхээр болж байна.
Манай улсад эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Тэгвэл 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбоотойгоор суурь тэтгэврийн тогтолцоог анх удаа нэвтрүүлж, ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг хоёр сараар наашлуулан 11-р сарын 1-ээс эхлэн ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зарим тэтгэмжийг нэмэгдэхээр шийдвэрлэжээ. Албаныханы мэдээлснээр ахмадын тэтгэврийг тооцохдоо нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томьёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан үзэж хуульд заасан хугацаанаас эхлэн олгоно гэдгээ мэдэгдлээ.
Тэгвэл ахмад настнуудын хувьд улсад 25–30 жил, түүнээс ч удаан хугацаанд хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн ч өнөөдөр хамгийн бага тэтгэврийн доод хэмжээгээр амьжиргаагаа залгуулж байгаад бухимдалтай байна. Тэдний хувьд тэтгэвэр нэмэгдэх нь чухал боловч өдөр тутмын хэрэгцээнд хүрэлцэхүйц орлоготой байх нь илүү чухал гэдгийг онцолж байна. Түүнчлэн манай улсын тэтгэвэр болоод цалин хөлсний нэмэгдлийг дагаад хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, ахуйн хэрэглээний үнэ тогтмол өсөж байгаа өнөөгийн нөхцөлд, гар дээр үлдэх бодит орлого нь мэдэгдэхүйц нэмэгддэггүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн ахмадуудын хувьд тэтгэвэрт гарсны дараа ажил хөдөлмөр эрхэлж, нэмэлт орлого олох боломж хязгаарлагдмал байдаг тул зарим ахмад настан үр хүүхдийнхээ дэмжлэгт тулгуурлан амьдрахаас өөр сонголтгүй болдгийг хэлж байна.
Ийнхүү суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж олгох хугацааг наашлуулсан нь ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч тэтгэврийн бодит хүрэлцээ, худалдан авах чадварыг сайжруулж чадах эсэх нь иргэд болоод ахмад настнуудын хувьд чухал хэвээр байна. Тиймээс суурь тэтгэврийн нэмэгдэл ахмад бүрийн амьдралд хэрхэн нөлөөлөх, олон жил шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлэх, цаашид тэтгэврийн орлогыг амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмсэн ч олон жил ажиллаж, улсад олон жилийн хугацаанд шимтгэл төлсөн ахмадын хөдөлмөрийн үнэлэмжийг хангахын зэрэгцээ амьжиргааны бодит өртөгт нийцсэн, тогтвортой орлогын баталгаа бүрдүүлэх шаардлага тулгарсаар байна.