Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн дунд 10 аймгийн дулааны станцын төслийг оруулсан нь маргаан дагууллаа. Тодруулбал тухайн дулааны станцын төслүүдийг БНСУ-ын бага хүүтэй зээлээр гүйцэтгэх боломжтой атал улсын төсвөөс дахин санхүүжүүлэх гэж байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжилсэн юм. Гэвч эрчим хүчний сайд Б.Найдалаа гүйцэтгэгч компани дампуурч, төсөл зогссон тул ажлаа үргэлжлүүлэхийн тулд тус шийдвэрийг гаргасан гэж тайлбарлалаа.
10 аймгийн төвийг төвлөрсөн дулаан хангамжтай болгох төслийг Монгол, БНСУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч төслийн үндсэн гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани дампуурснаар ажил зогсонги байдалд ороод байгаа юм байна. Иймд тухайн гүйцэтгэгч компанитай холбоотой шүүхийн маргааныг хүлээлгүйгээр үлдсэн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж ирэх оны төсөвт дуусгахаар ЗГ-аас төлөвлөжээ. Ингэхдээ 9 аймгийн дулааны станцыг бүрэн дуусгахад 350.8 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 2027 оны төсөвт ойролцоогоор 150 тэрбум төгрөг тусгаж, тухайн төсвийг Оюутолгойн ногдол ашгаас гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Засгийн газраас 10 дулааны станцын төслийг дахин удаашруулахгүйн тулд улсын төсвийн санхүүжилтээр үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бол УИХ-ын зарим гишүүдийн зүгээс анхны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, зарцуулалт болон нэмэлт төсвийн санхүүжилтийн үндэслэлийг тодруулах шаардлага тавьж байна.