Нийслэл хотын инженерийн шугам хоолойн 45 орчим хувийн насжилт хэтэрсэн байна

Өнгөрсөн өвөл нийслэлд дулаан тасалдаж айл өрхүүд хүндхэн нөхцөл байдалд байсан. Тэгвэл дахин ийм нөхцөл үүсгэхгүй байх үүднээс салбарынхан бэлтгэл ажлаа эрчимжүүлсэн хэдий ч бодит ачаалал их байгааг зарим тоо баримтаас харж болохоор байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимтэй хийгдэж байгаатай холбогдуулан нийт хэрэглэгчдийн дулааны тооцоот ачаалал  өндөр гарч эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлаас 40-60 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. 

Хүн амын хэт төвлөрөл, барилгажилтын хурдацтай өсөлтөөс шалтгаалан нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системийн нийт ачаалал өдгөө 3609.6 гкал/ц-д хүрээд байгаа бөгөөд энэ нь дулаан үйлдвэрлэх үндсэн эх үүсвэрүүдийн бодит боломжоос даруй 0,5 дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн албан ёсны тайлан судалгаанаас үзэхэд, 1997 оноос өмнө суваггүй технологиор тавигдсан зарим төв шугамууд хөрсний усны нөлөөллөөр гаднаасаа зэвэрч нимгэрсэн, цэгэн цооролтууд үүссэн нь өвлийн оргил ачааллын үеэр гэмтэл саатал гарах гол шалтгаан болдог байна. Иймд 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 10 гаруй томоохон дулааны шугамыг засварлаж, шинэчилжээ. Мөн орон сууцын хороолол доторх шугам сүлжээ, авто зам болон борооны ус тогтдог байршлуудад засварын ажил хийсэн байна. Нийт 80 гаруй км шугам сүлжээ, 130 орчим км авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг холбогдох газраас онцолж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дамжуулах сүлжээний нийт 376 км урттай  ф80-1200мм голчтой 16 магистраль шугамаас 60.6 км урттай буюу нийт шугамын 16.1% -ын шугам нь 30 жилээс дээш жил ажиллаж насжилтын хугацаа нь дуусаж, ашиглалтын байдал нь муудсан бөгөөд гэмтэл гарч болзошгүй өндөр эрсдэлтэй нөхцөлд байна. Эдгээр  370 орчим км дулааны шугам сүлжээг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь нийслэлийн хэмжээнд хариуцан ажилладаг бөгөөд энэ жилийн засвар, шинэчлэлийн ажлууд өнөөдрийн байдлаар бүрэн дууссан байна. Мөн Дэлхийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр дулааны салбарт хоёр ажил хэрэгжиж байгаагаас нэг нь 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нөгөө ажил нь он дамжин үргэлжлэхээр болжээ.

Өнгөрсөн 2025–2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилжээ. Тухайлбал, 16 байршилд дулааны гол шугам сүлжээний 18.7 км, орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн байна. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам болон борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсарчээ. Гэвч нийслэлийн инженерийн шугам сүлжээний насжилт тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Улаанбаатар хотын нийт шугам сүлжээний 45 орчим хувь нь ашиглалтын хугацаагаа дууссан тул бүрэн солих, шинэчлэх шаардлага үүсээд удаж байгааг салбарынхан онцолж байна.