ЗГ-аас Оюутолгой төслийн 2 их наядын ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах хуулийн төслөө эргүүлэн татлаа

Ирэх онд манай улс Оюутолгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсний 2 их наядыг дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулна гэж ЗГ-аас төлөвлөөд байсан. Гэвч ногдол ашгийг төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулахаар ирэх жилийн төсөвт тусгасан нь УИХ-ын зарим гишүүн болон иргэд, олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл 10-р сарын 23-нд ЗГ ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ.

Засгийн газраас анх Оюутолгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн 1 их наядыг иргэдийн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн 2 их наядыг эрчим хүч, боловсрол болон бусад салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөсөн юм. Харин 10-р сарын 14-өөс эхлүүлэн иргэдээс ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал авахад нийт 96 мянга орчим иргэн санал өгсний 55 мянга гаруй буюу 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууцын  дэмжлэг авахыг дэмжсэн бол 24 мянган иргэн буюу 26 хувь нь мөнгөө хуримтлалын санд хадгалах санал өгчээ. Иймд Засгийн газраас иргэдийн саналыг харгалзан үзэж, Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой нэг удаагийн хуулийн төслөө эргүүлэн татах шийдвэр гаргалаа. 

ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 2 их наяд төгрөгийг 7 сайдын хариуцсан салбарт хуваарилж, нийт 51 төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгаад байсан. Үүнээс эрчим хүчний салбарт хамгийн их буюу 789.7 тэрбум төгрөг, боловсролын салбарт 572.6 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн. 

Тодруулбал эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хариуцсан 18 төсөлд 789.7 тэрбум, Боловсролын сайд Л.Энх-амгалангийн 17 төсөлд 572.6 тэрбум,  Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы 7 төсөлд 305 тэрбум төгрөг тусгасан байна.  Мөн ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хариуцсан 4 төсөлд 82.2 тэрбум, Сангийн сайд З.Мэндсайханы 3 төсөлд 129.4 тэрбум, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын 1 төсөлд 35.4 тэрбум, Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын 1 төсөлд 50 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөн байжээ. 

Ийнхүү Засгийн газар иргэдийн саналд үндэслэн Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгийн зарцуулалтыг зохицуулах хуулийн төслийг эргүүлэн татлаа. Харин ногдол ашгийг цаашид хэрхэн хуваарилах, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг ямар эх үүсвэрээр шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.