Сүүлийн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал, амьжиргааны өндөр өртгөөс шалтгаалан иргэд банк болон ББСБ-аас зээл авах нь улам түгээмэл болж байна. 2025 оны байдлаар ББСБ болон цахим зээлийн аппликейшний давхардсан тоогоор тооцсон харилцагчийн тоо 4.1 саяд хүрчээ. Иргэдийн зээлийн хэрэглээ нэмэгдэж буй энэ үед зээлийн хүүг сарын 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн зохицуулалт үйлчилж байгаа ч тогтоосон дээд хэмжээнээс давсан буюу сарын 9 хувийн хүүтэй зээл олгосон зөрчил илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо 10-р сарын 21-ний өдрийн хуралдаанаараа ББСБ-уудын зээлийн хүүг 4,5 хэтрүүлэхгүй байх мөн нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргажээ.
Манай улс мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” бие даасан хуулийг 2022 онд баталж, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсэн. Энэ хүрээнд мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс 2024 онд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон боловч холбогдох этгээдүүдийн санал, оролцоог хуулийн шаардлагын дагуу бүрэн хангаагүй гэж үзэн Монгол улсын дээд шүүхээс уг тогтоолыг түдгэлзүүлжээ. Үүний дараа 2025 онд шинэ тогтоол гаргаж, зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар хэвээр тогтоон, өмнөх тогтоолыг хүчингүй болгосон байна. Гэвч цахим зээл олгодог зарим ББСБ иргэдэд сарын 9 хувийн хүүтэй зээл олгосон зөрчил хяналт шалгалтаар илэрчээ. Иймд санхүүгийн зохицуулах хорооноос ирэх 11-р сарын 1-ээс холбогдох хууль, журмын шаардлагыг дагаж мөрдөхийг ББСБ-уудад үүрэг болгожээ.
Мөн зээлийн давхардлыг бууруулах зорилгоор ББСБ-уудыг зээл олгох бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болгосон байна.
2026 оны 9-р сарын байдлаар 812 мянган хүн ББСБ-аас зээл авсан бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 8.9 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлдэгчдийн 93 орчим хувь нь цахим зээл ашиглаж байгаа бол зээлийн нийт үлдэгдлийн 30 орчим хувийг цахим зээл эзэлж байна. Харин иргэдийн зүгээс ББСБ-ын зээлийн хүүгийн сарын 4.5 хувийн дээд хэмжээг бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Түүнчлэн санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг онцоллоо. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн үйлчилгээний зардлыг багасгах, зээл авах нөхцөлийг илүү ойлгомжтой, ил тод болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой байна.