Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр тохирсон ч уг шийдвэрийн хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсонд МҮЭХ эсэргүүцэл илэрхийлж, цуглаан зохион байгууллаа. Улсын хэмжээнд инфляцын түвшин 12.9 хувьтай хэлбэлзэж, шатахуун болон өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тасралтгүй өсөж байгаа нь иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болсоор байгаа юм.
2026 оны 8-р сарын 17-нд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хуралдаан болжээ. Хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны 1-р сарын 1-ээс эхлэн сард 1 сая төгрөг болгох шийдвэрийг баталсан. Гэвч 9-р сарын 9-нд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа хэлэлцээр түр зогссон талаар мэдэгдсэн юм. Энэ нь нэг асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлсэн гэдгийг МҮЭХ-оос шүүмжилжээ. Угтаа цалин гэдэг хөдөлмөрийн бодит үнэлэмж, амьжиргааны гол баталгаа мөн. Тиймээс хэлэлцээрээр тохирсон шийдвэр бүрийн хэрэгжилтэд хариуцлага, тодорхой байдал шаардлагатай гэж МҮЭХ үзэж байна. Тиймээс хөдөлмөрийн сонирхлын маргааныг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ хэлж байна. Хэрэв зуучлалын явцад харилцан тохиролцоонд хүрэхгүй бол үндэсний хэмжээнд ажил хаялт зохион байгуулна гэдгээ хэллээ.
Засгийн газар урт хугацааны тэмцлийн үр дүнд байгуулсан хамтын хэлэлцээрүүдээ зөрчиж, эрүүл мэнд, боловсролын салбарынхныг хохироож байгааг салбарын төлөөллүүд хэлж байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарт цалинг 75 хувь хүртэл үе шаттай нэмэхээр тохирсон ч 2026 оны 8-р сараас олгох ёстой байсан 9 хувийн нэмэгдлийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Үүнээс үүдэн 2027 оны 1-р сарын 1-ээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх заалтын хэрэгжилт бүрэн бүрхэг болж байгааг салбарынхан хэллээ. Мөн боловсролын салбарт багш, ажилтнуудын үндсэн цалинг нэмсэн нэрээр дагалдах нэмэгдэл, урамшуулал, үр дүнгийн хөлсийг хасжээ. Тиймээс хамтын хэлэлцээрийн шийдвэрүүдийг яаралтай хэрэгжүүлж, эмч, багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, амьжиргааны баталгааг хангахыг ерөнхий сайд болон Засгийн газраас хатуу шаардаж байна.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын санхүүжилт хангалтгүй байгаагаас үүдэж зарим товлолт хагалгаанууд хойшлогдох, хагалгааны бээлий болон хэрэглэгдэхүүнүүд хангалтгүй байгаа тул санхүүжилтийг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүрэлцээтэй болгох шаардлагатайг салбарынхан хэлж байна.