БНХАУ-д 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж, 16 хүн амь үрэгджээ

Энэ сарын 22-ны шөнө БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Төвөдийн өөртөө засах орны Нагчу хотод 7.0 магниутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Уг байгалийн гамшгийн уршгаар 16 хүн амь үрэгдэж, мөн 46 хүн бэртсэнээс 11-ийнх нь биеийн байдал хүнд байна гэж орон нутгийн захиргаанаас мэдэгджээ. 

Хүчтэй чичирхийллийн улмаас Нагчу хотын 330 гаруй орон сууц, барилга байшин бүрэн нурж, сүйджээ. Хятад улсын эрх баригчид гамшгийн бүс рүү 300 гаруй цагдаагийн алба хаагч, 340 орчим аврах ангийн бие бүрэлдэхүүнийг тусгай албаны нохдын хамтаар илгээж, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн гамшигт өртсөн иргэдэд зориулсан майхан, эвхдэг ор, дулаан хувцас зэрэг тусламжийн барааг илгээж эхэлжээ. АНУ-ын геологийн албанаас газар хөдлөлтийн голомт нь Нагчу хотоос зүүн хойш 191 километрийн зайд, 10-18 км-ийн газрын гүнд бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. 

Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгүүдэд дэлгүүрийн лангуун дээрх бараанууд нурж, ресторан, үйлчилгээний газруудаас хүмүүс сандралдан гудамж руу гүйлдэн гарч байгаа нь харагдаж байгаа юм.

Төвөдийн өндөрлөг газар нь Энэтхэгийн хавтангийн шахалтаас болж дээшээ хангалттай өргөгдсөн тул одоо өөрийн хүндийн хүчний  нөлөөгөөр баруунаас зүүн тийшээ сунаж, тэлэх хөдөлгөөн хийж байгаа гэж олон улсын геофизикчид тайлбарлаж байна. Уг тэлэлтээс үүдэж Төвөдийн урд болон төв хэсгээр хойноосоо урагшаа чиглэсэн асар том хөрсний хагаралууд үүсдэг бөгөөд Нагчуу хот дахь газар хөдлөлт нь энэ төрлийн "хэвийн хагарал"-аас болж үүссэн гэж үзэж байна.